ХЭҮК-ын гишүүнээр Ж.Бямбадоржийг томилов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ-аас Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүнд Жамсрангийн Бямбадоржийг томилуулах саналыг тавьсан ба эл асуудлыг өчигдрийн Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд дэмжсэн юм.
Ж.Бямбадорж нь Ховд аймгийн Дарви суманд төрсөн. Эхнэр, нэг хүүхдийн хамт амьдардаг. Оросын холбооны улсын Москва хотын улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор. Тэрбээр 1992-1996, 1996-2000, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, 2004-2010 онд Үндсэн хуулийн цэцийн дарга, 2010-2016 онд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, даргаар ажиллаж байна.
Нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн байсангүй. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү, "ХЭҮК-ын эрх мэдэл гэж олигтой юм байдаггүй. Гэхдээ Бямбадорж гуай нас явж туршлага сууж байгаагийн хэрээр зоригтойхон ажиллана байх гэж бодож байна" гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Болд, "Цөөн хүн амтайн хувьд хүн бүр үнэтэй. Иймд Хүний эрхийн үндэсний комиссын хувьд иргэн бүрийн асуудлыг онцгой анхаарч ажиллаарай" гэв.
Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад 96 хувь нь дэмжлээ. Үүний дараа нэр дэвшигч Ж.Бямбадорж өндөр албан тушаалд томилсонд талархаад үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдгээ илэрхийлэв.
Б.Туул