Монголоор дамжин өнгөрөх тээвэрлэлтийг 2-3 цагаар богиносгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-11-16 18:17:37

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, төмөр замын транзит тээврийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээллийг сонслоо.

Мэдээллийн эхэнд тус яамны дэд сайд Д.Цогтгэрэл Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд хийсэн ажил, цаашид төрөөс хүсч буй дэмжлэгийн талаар танилцуулав.

Тэрбээр, “Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд 2013 оноос “Шинэ төмөр зам” төслийг эхлүүлсэн. Энэ хүрээнд Тавантолгойн-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын барилгын  ажлын 51 .84 хувийг, Тавантолгойт- Сайншанд-Хөөт-Чойбалсан-Хөөт-Бичигтийн чиглэлийн төмөр замын техникийн зураг төслийг 100 хувь хийсэн. Шинэ төмөр зам төслийг Чингис бондын 200 сая ам.долларын, Хөгжлийн банкны 55 сая ам.долларын санхүүжилтээр эхлүүлсэн. УИХ-аас 2014 онд шинээр баригдах төмөр замын Эрдэнэт-Арцатын чиглэлийг баталсан. Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Зүүнбаян-Ханги чиглэлийн  шинэ шугамыг барих асуудлыг боловсруулан УИХ-аар оруулж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэлийн хүрээнд 2012 онд хувь нийлүүлэгч хоёр талаас тэнцүү хэмжээгээр дүрмийн санг нэмэгдүүлсэн хөрөнгө болон өөрийн эх үүсвэрээс зүтгүүр болон ачааны, зорчигчийн вагон, зам хэмжигч, рейлбус зэргийг худалдан авсан. Мөн өртөө болон зөрлөгийн замуудыг өргөтгөж, Толгойт болон Улаанбаатар хооронд хоёр зам тавьж, алсын удирдлагатай зөрлөгүүдийг нэмэгдүүлэх зэрэг ажил ид өрнөж байна.  Үүний зэрэгцээ төмөр замын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, амралтын газар зэрэг харьяа байгууллагуудыг санхүүжүүлж байгаа ба нийт зардлын 18,6 хувь буюу 32,3 тэрбум төгрөгийг зарцуулж байна. Улаанбаатар төмөр замын шугам замын 56 хувьд нь их засварын хугацаа хэтэрсэн, нийт хөдлөх бүрэлдэхүүний 60 гаруй хувь нь насжилтын хугацаа хэтэрсэн байгаа тул хөрөнгө санхүүг шийдвэрлэх шаардлагатай.

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн эрхийг хэрэгжүүлэгч ЗТХЯ, Оросын төмөр замууд нийгэмлэг хооронд 2014 онд Улаанбаатар төмөр замын шинэчлэл хөгжлийн стратегийн  түншлэлийн хэлэлцээрийг байгуулсан. Хэлэлцээрт төмөр замын одоо байгаа гол замыг жилд 100 сая тн хүртэлх ачаа тээвэрлэх хүчин чадалтай болгох, ингэхдээ цахилгаанжуулах, эсвэл хос болгох, ОХУ-ын Тува улсаас АрцСуурь-Эрдэнэтийн чиглэлийн шинэ шугамыг бүтээн байгуулж, Улаанбаатар төмөр замын сүлжээтэй  холбох, түүнчлэн Монгол Улсын  баруун болон зүүн бүсийг дамнасан төмөр замын шинэ коридор байгуулах боломжийг судалж хэрэгжүүлэхээр тохиролцсон. Ингэхдээ гуравдагч талын оролцоо байж болохыг зөвшилцсөн байдаг. Үүний зэрэгцээ манай улсын талаас БНХАУ-ын талтай хамтарч зарим хилийн төмөр замын холболтын цэгийг тогтоосон.

Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөх тээврийн одоо буй ганц коридор нь Улаанбаатар төмөр зам юм. Улаанбаатар төмөр замын дамжин өнгөрөх тээвэр нь алдагдалгүй тарифтай ачааны нэг төрөл бөгөөд ачаа тээврийн 10,9 хувийг эзэлж, нийт тээврийн орлогын 22,8 хувийг бүрдүүлж байгаа. ЗТХЯ, Улаанбаатар төмөр зам ХНН хамтран дамжин өнгөрөх тээвэрлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд олон удаагийн тээвэрлэлт хийж буй байгууллагад хөнгөлөлт үзүүлэх, дамжин өнгөрөх замналын галт тэргэний хугацааг хатуу зуурмагаар тогтоож, ОХУ-аас БНХАУ-ын чиглэлд 28 цаг тээвэрлэдэг байсныг 26 цаг, БНХАУ-аас ОХУ руу чиглэлийнхийг 31 цаг байсныг 29 цаг болголоо” гэлээ.

Б.Туул

相关新闻