Л.Батсайхан: "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш 4.2 сая мод тариад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-10-23 14:47:20

Баян-Өндөр, 2025 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 9 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганы индэр дээрээс зарласан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн улс орон даяар амжилттай хэрэгжиж байна. Орхон аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтэн Л.Батсайханаас энэ жилийн мод тарилтын явцын талаар тодрууллаа.

 

-Орхон аймаг үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарих амлалт авсан. Энэ жилийн хувьд хавар, намартаа хэчнээн мод тарьсан бэ?

-2025 онд Орхон аймгийн хэмжээнд 429.000 мод тарилаа. Цаг хугацааны хувьд хавар, зун, намрын улиралд 136.000, хавар 140.000, зун нь үлдсэн 100.000 мод тарьсан.

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш 4.2 сая дахь модоо тариад байна.

Одоогийн байдлаар албан ёсны нийлбэр дүнгээр сүүлийн гурван жилд 2 сая 519.000 мод тарилаа.

Амлалт авсан модны хэмжээтэй харьцуулахад 20 орчим хувьд хүрээд байна.

 

-Мод тарихад иргэд, байгууллагын оролцоо энэ жил нэмэгдсэн үү? Мод үржүүлэгийн газрууд хэр өргөжин тэлж байгаа вэ?

-Мод үржүүлгийн газрууд энэ сарын 22-ны гаргасан статистик мэдээллээр 60000 га талбайд мод үржүүлгийн газартай болж, тарьц суулгацын хувьд 24 төрлийн 1.8 сая ширхэг нөөц бүрдүүлсэн байна. Иргэдийн оролцооны хувьд 2022, 2023, 2024 онд эрс нэмэгдсэн харин энэ онд бууралттай тал ажиглагдаж байна.


Учир нь Мод үржүүлгийн газар байгуулахад хууль эрх зүйн тал дээр асуудалтай, газрын дуудлага худалдаа явуулахад манай аймгийн хувьд зэрэглэл өндөр тул газрын үнэ их зэргээс шалтгаалан шинээр мод үржүүлгийн газар байгуулах хүсэлтэй иргэдэд хүндрэл учирч байна.


Түүнээс яг энэ төрлийн мэргэжилтэй хүмүүс үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш өөрсдөө аль болох мод бут үржүүлэхийг их хүсдэг болсон. Тиймээс Орхон аймгийн мод үржүүлэг эрхлэгчид хэсэг бүлгээрээ нийлж газар дээрээ мод бутны үрсэлгээгээ хийж байна.

 

-Орхон аймгийн хэмжээнд мод тарилтаар тэргүүлж байгаа ямар байгууллага хамт олон байна вэ?

-Орхон аймаг, Эрдэнэт хотын хэмжээнд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ улсын хэмжээнд тэргүүлж байна. Дэргэдээ ойн генетикийн төв байгуулж жилээс жилд хүчин чадлаа нэмж байна.

Өнгөрсөн онд аймагтаа хамгийн их мод тарьсан бол энэ жил шинэ Хархорин хотод "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ мод тарьж эхэлсэн.

Манай аймгийн газар нутаг дээр сүүлийн хоёр жилийн байдлаар шинээр “Ачит Ихт” компани өөрийн дэргэдэх мод үржүүлгийн газартай боллоо.

Мөн өөрийн хөрөнгөөр тус компани 700.000 орчим мод тарьсан бөгөөд уул уурхайн компаниуд өнөөдрийн байдлаар Орхон аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд манлайлж эхэллээ.

Төрийн байгуулагууд ч  хавар, намрын мод тарих өдрүүддээ идэвхтэй оролцдог боллоо.






 

相关新闻