ОРХОН: Сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө авсан иргэдийн тоо 31 хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-10-16 11:20:35

Баян-Өндөр,2025 оны аравдугаар сарын 16/МОНЦАМЭ/. "Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр"-ийг тохиолдуулан Орхон аймгийн эрүүл мэндийн газар болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Эрдэнэт сувиллын цогцолбор хамтран өдөрлөг зохион байгууллаа.


Тус өдөрлөг аймгийн иргэд болон Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хамгаалах, дэмжих, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, ажлын байран дахь сэтгэл зүйн аюулгүй орчныг бүрдүүлэх, стресс бухимдлыг зөв удирдах арга барилд суралцуулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдлыг бэхжүүлж, ажилтан бүрийн сэтгэл ханамж, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготой.


Энэ үеэр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Эрдэнэт сувиллын цогцолборын сэтгэцийн эмч, донтолт судлаач, сэтгэл засалч Б.Хишигжаргал хэлэхдээ, "2024 онд амбулаториор үйлчлүүлж, ганцаарчилсан зөвлөгөө авсан иргэдийн тоо 2025 оны мөн үеийнхтэй харьцуулахад 31 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ нь иргэд болон үйлдвэрийн ажилчид сэтгэцийн эрүүл мэнддээ илүү анхаарч, мэргэжлийн зөвлөгөө авах хандлага нэмэгдэж буйг илтгэж байна" гэв.


Энэхүү өдөрлөгийг зохион байгуулснаар ажлын байран дахь стресс, сэтгэл зүйн дарамт үүсгэгч хүчин зүйлсийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, сэтгэл зүйн хүндрэлийн анхны шинж тэмдгийг өөртөө болон хамт олондоо таньж, дэмжлэг үзүүлэх аргачлалд сургах, уур бухимдал, стресс менежментийн практик аргуудыг танилцуулж, эзэмшүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, зөвлөгөө авах боломжтой сувгуудын талаар өргөн цар хүрээтэй мэдээллийг үйлдвэрийн газрын ажилтнууд, иргэдэд олголоо.



相关新闻