ОРХОН: Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг Эрдэнэт үйлдвэрт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-10-21 11:36:43

Баян-Өндөр, 2025 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Төрийн байгууллагын Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор дөрвөн жил тутамд орон даяар явагддаг ээлжит улсын үзлэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т эхэллээ. 


Энэ удаагийн улсын үзлэгийг Монгол Улсын Засгийн газрын энэ оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 23 дугаар тогтоолд заасны дагуу зохион байгуулж байгаа бөгөөд Орхон аймгийн төрийн байгууллагууд болон Эрдэнэт үйлдвэрт 10 хоногийн турш үргэлжилнэ. Архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т эхэлж буйтай холбогдуулан улсын үзлэгийн комиссын гишүүн, Үндэсний төв архивын захирал, албан хэрэг хөтлөлтийн хяналтын ахлах байцаагч Т.Сайнжаргал, тус үйлдвэрийн улсын үзлэгт бэлтгэх ажлын хэсгийнхэнд үзлэгийн дүрэм журам, зааварчилгааны талаар мэдээлэл өгч танилцуулав.

 
Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилго бүхий ээлжит улсын үзлэгийг тухайн байгууллагын үйл ажиллагааны үндсэн гурван чиглэл, үзүүлэлтээр дүгнэнэ. Өөрөөр хэлбэл, Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, төрийн албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг шалгах юм .


Мөн байгууллагын цахим албан хэрэг хөтлөлт, цахим архивын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгнө. Улсын үзлэгийн дүн, санал дүгнэлтийг 2026 оны нэгдүгээр улиралд багтаан, Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулж, цаашид архив, албан хэрэг хөтлөлтийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигт тусган хэрэгжүүлнэ гэж үзлэгийн комиссынхон мэдээлэлдээ онцоллоо.


Улсын үзлэгийн нээлтийн үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаа, эдийн засаг, үйлдвэрлэлийн үзүүлэлтийн талаар тус үйлдвэрийн Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн дарга Р.Очбадрах танилцуулсан бол Архив, албан хэрэг хөтлөлт, байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг угтан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хийсэн ажлын тухай Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр мэдээлэл хийлээ. Эрдэнэт үйлдвэрийн Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа нь Ерөнхий захирал, Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын үүрэг чиглэлд харьяалагдаж, Хүний нөөц захиргааны хэлтэс хариуцан ажилладаг. Мөн үйлдвэрийн бүтцийн нэгжид албан хэрэг хөтлөлт хариуцсан 33 ажилтан, архивын 4, хавсран 15 ажилтан тус ажлыг гүйцэтгэж байна.


Байгууллагын ажлын зохион байгуулалтын чиглэлээр, Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, олон улсын менежментийн тогтолцооны стандартуудыг хэрэгжүүлэх, эрсдэлийн удирдлагын журам, ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, бодлогын баримт бичгүүд, хүний нөөцийн багц стандарт, сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод болгох, хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр, чадамжийн стандарт, хүний нөөцийн хөгжлийн сургалтад тасралтгүй хөрөнгө оруулалт хийх зэрэг олон чиглэлээр ажиллаж байна.


Мөн архив, албан хэрэг хөтлөлтийн баримтлах бодлого, хөтөлбөрийг шинэчлэн баталж, үйл ажиллагаандаа мөрдөхийн зэрэгцээ архивын ажилтнуудыг сургаж хөгжүүлэх мэргэжлийн сургалтыг тасралтгүй зохион байгуулжээ. 2020 оноос цахим архивын систем нэвтрүүлэн, мэдлэг түгээх ажлын байраар дамжуулан мэдлэгийг авч үлдэх, хадгалах, түгээх зэрэг ажил хийгдсэн. Архивын сан хөмрөгийг баяжуулах, үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар Төрөлжсөн архивын зориулалтын барилгыг ашиглалтад оруулсан зэрэг Архив, албан хэрэг хөтлөлт, байгууллагын ажлын зохион байгуулалтын чиглэлээр Эрдэнэт үйлдвэрт олон томоохон ажлууд хийж байгааг улсын үзлэгийн комисст танилцуулав. 


Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын ээлжит улсын үзлэгийн комиссыг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох ахалж байгаа бөгөөд Үндэсний төв архивын захирал, албан хэрэг хөтлөлтийн хяналтын ахлах байцаагч Т.Сайнжаргал, Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн удирдлагын газрын ахлах референт Д.Нармандах, Архивын Ерөнхий газрын ахлах мэргэжилтэн, улсын хяналтын байцаагч С.Пүрэвсүрэн, Үндэсний төв архивын Цахим архив бүрдүүлэлтийн төвийн эрхлэгч Г.Хонгорзул нар ажлын хэсэгт ажиллаж байна. Улсын үзлэгийн комисс Эрдэнэт үйлдвэрт хоёр өдөр ажиллаж, журмын дагуу архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтад үнэлгээ өгөх ажээ.



相关新闻