ТӨВ: Зуунмод суманд 142 иргэн дулаалгын чип багц хэрэглэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Зуунмод сумын хэмжээнд 2025 оны байдлаар 27 өрхийн 142 иргэн монгол гэрийн дулаалгын чип багцыг хэрэглэж байна.
Тус багц нь монгол гэрийн халаалт, дулаалга, агааржуулалтыг үр ашигтай, хүртээмжтэй, нүүрсгүй шийдлээр шийдэж агаарын бохирдлыг багасгах зорилготой юм.
Халаалтын тохируулгаас хамааран сард нэг өрх 70.000-200.000 төгрөг хүртэл цахилгааны төлбөр төлж байгаа нь жилд дунджаар 275.000 төгрөгийн санхүүгийн хэмнэлттэй байна.
Чип багцыг орон нутгийн иргэдэд сурталчлан танилцуулах ажлыг энэ оны 11 дүгээр сард НҮБ-ын Хүүхдийн сангийн Уур амьсгалын өөрчлөлт, агаар орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хамт олон хамтран зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Улсын хэмжээнд монгол гэрт зориулсан дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн чип багцыг 13 аймаг, 4 дүүргийн 6000 гаруй иргэн хэрэглэж байна.