УВС: Ирвэс хамгаалах аянд нэгдэхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-10-22 12:10:38

Улаангом, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр” энэ сарын 23-нд тохиож байгаа тул ирвэсийг хамгаалах “#23for23” аянд нэгдэхийг аймгийн Байгаль орчны газраас уриаллаа.

 

Тус аянд нэгдэхийн тулд ирвэсийн биеийн тэнцвэрээ сайн олдог, тэсвэр, уян хатан чадварыг дуурайж алхах, гүйх, сэлэх, авирах зэрэг дасгал хөдөлгөөнийг 23 минутын турш идэвхтэй хийж байгаа зураг, бичлэгээ #23for23 тэмдэглэгээтэй олон нийтийн сүлжээнд хуваалцана. Ингэснээр ирвэс хамгаалах үйлсэд гар бие нэгдэх юм.

 

Дэлхий дээр өдгөө 7000 хүрэхгүй цоохор ирвэс үлдээд байгаагаас манай улсад дунджаар 953 бие гүйцсэн цоохор ирвэс байдаг судалгаа бий. Үүний 100 гаруй нь Увс аймагт байдаг.


Жилээс жилд ирвэсийн амьдрах орчин хумигдаж, идэш тэжээл багасаж, хулгайн агнуураас үүдэн ирвэсийн тоо толгой эрс цөөрч нэн ховор ангилалд багтсан байдаг тул хүүхдүүдийн дуу хоолойгоор дамжуулан иргэдэд энэ амьтны талаарх мэдээллийг хүргэж, хамгаалах, тулгамдаж буй асуудлыг олж, гарц шийдлийг эрэлхийлэх зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Ирвэс хамгаалах төслөөс тус өдрийг энэ сарын 23-24-ний өдрүүдэд Алтай Соёны бүсийн ирвэстэй нутгийн хүүхдүүдтэй хамтран тэмдэглэнэ.


Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн цоохор ирвэстэй сумдын эко клубийн сурагчдын төлөөлөл аймаг тус бүрд цуглаж, өндөр уулын эзнийг хэрхэн хамгаалах талаар хэлэлцэх юм.

相关新闻