7.6 сая төгрөгийн тэтгэвэр нөхөн олгожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЭрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар (ЭМНДЕГ)-аас төв, орон нутгийн хэлтсүүдэд шалгалт хийж, төлөгдөөгүй байсан 7.6 сая төгрөгийн тэтгэврийг нөхөн олгосон байна.
Тус байгууллага нийт 11 хэлтэст төлөвлөгөөт, 2 хэлтэст төлөвлөгөөт бус шалгалт хийж, 15 мянга 332 ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, 312.3 мянган даатгуулагчийн шимтгэл төлөлтийн тооцооны хуудсыг мэдээллийн сангийн бүртгэлтэй тулгажээ. Мөн 44.5 мянган сайн дураар даатгуулагчийн гэрээний хэрэгжилт, 26.5 мянган шинээр тогтоосон тэтгэвэр авагчдын тэтгэврийн тогтоолтын үндэслэл, 40.1 мянган хүнд олгосон жирэмсний болон амаржсаны тэтгэмж, 10.8 мянган иргэнд олгосон ажилгүйдлийн тэтгэмжийн бодолт, олголт зэргийн шалгажээ. Шалгалтаар бичиг баримтын зөрчилтэй улмаас 74 иргэнд олгох 7.6 сая төгрөгийн тэтвгэвэр олголт тасалдсан байсныг залруулж, нөхөн олгосон байна.
Мөн нас барсан хүмүүсийн тэтгэврийг байцаагчид авдаг тухай мэдээллийн дагуу улсын хэмжээнд хэд хэдэн шалгалт хийсэн байна. ХНХЯ, МХЕГ, ЦЕГ, Үндэсний аудитын газрын шалгалтаар дээрх мэдээлэл үндэслэлгүй болохыг тогтоожээ.
Ч.Ариунболд