Мьянмарт мөргөлдөөн болсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНЕЙПЬИДО. /Kyodo/. Мьянмарын баруун нутагт үндэстний цөөнх болох лалын шашинт рохингьячууд болон аюулаас хамгаалах хүчнийхний хооронд мөргөлдөөн болсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, тус улсын Ракхайн мужийн хойд хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдэд мөргөлдөөн болсон байна.
Мөргөлдөөний үеэр 34 босогч болон аюулаас хамгаалах хүчний хоёр албан хаагч амь үрэгджээ.
Өнгөрсөн сарын эхээр аюулаас хамгаалах хүчнийхэн рүү халдсан тохиолдол нэг бус удаа гарсантай холбоотойгоор Ракхайн мужид тус улсын Засгийн газар цэргүүд нэмж байрлуулсан юм.
Олон улсын хүмүүнлэгийн байгууллагын мэдэгдсэнээр, өнгөрсөн сард рохингьячуудын тосгодод 400 гаруй байшин барилга эвдэрч сүйтгэгджээ.
Байшин барилгуудад гал тавьсан гэж босогчдыг тус улсын Засгийн газар буруутгаж байгаа бол босогчид үүнийг эрс няцааж, НҮБ-ын шинжээчид эсвэл гуравдагч талаар мөрдөн шалгуулахыг уриалж байна.
Мьянмарын хүн амын 80 гаруй хувь нь бурхны шашинтнууд юм. Харин үндэснтний цөөнх рохингьячуудын дийлэнх нь Ракхайн мужид амьдардаг ажээ.
Дөрвөн жилийн өмнө тус мужид шашин хоорондын мөргөлдөөн гарсны улмаас олон хүн амь үрэгдэж, шархдаж байжээ.
Г.Доржханд