Ахлах сургуулийн сурагчид Д.Трампыг эсэргүүцэн жагсав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-11-15 11:33:52

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын нийслэл Вашингтон хотод даваа гарагт ахлах сургуулийн 1000 орчим сурагч Дональд Трампыг эсэргүүцэн жагсчээ.

Эсэргүүцлийн жагсаалыг зарим телевизээр шууд дамжуулсан байна. Сурагчдын дийлэнх нь латин америкчууд байжээ.

Тэд “Д.Трамп бидний ерөнхийлөгч биш” гэсэн бичиг бүхий уриа лоозон барьсан байжээ. Мөн тэд “ялгаварлан гадуурхахыг хүлээн зөвшөөрөхгүй. Цагаачдыг хүлээж ав” гэж хашгирцгааж байжээ.

Нэгэн сурагч “Д.Трамп АНУ-ын дараагийн ерөнхийлөгч болно гэсэн үнэнийг би өөрчилж чадахгүй ч түүний бодлоготой санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэхийг хүсч байна” гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт Д.Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш зургаан хоног дараалан тус улсын хотуудад эсэргүүцлийн жагсаал болсон байна.

Г.Доржханд

相关新闻