40 ДЭХ ДОЛОО ХОНОГ: Газын зурваст мөргөлдөөнийг зогсоох төлөвлөгөөг танилцууллаа

ТОЙМ
Jargal.d@montsame.mn
2025-10-04 17:06:09

УЛААНБААТАР, 2025 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногт дэлхий нийтийн анхаарлыг татсан хэдэн хэдэн онцлох үйл явдал өрнөлөө. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Газын зурвас дахь дайныг зогсоох төлөвлөгөөгөө танилцуулж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Иранд авсан хориг арга хэмжээгээ сэргээсэн бол Молдовад Европын талыг баримтлагч нам парламентын сонгуульд яллаа. Харин эдийн засгийн салбарт Саудын Араб тэргүүтэй хөрөнгө оруулагчид “Electronic Arts” компанийг худалдан авах томоохон хэлцэл хийсэн нь анхаарал татлаа.

Ингээд гол үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.  


Газад дайныг зогсоох төлөвлөгөөгөө Д.Трамп танилцууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Цагаан ордонд Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай даваа гарагт уулзсаныхаа дараа Газын зурваст хоёр жил шахам үргэлжилж буй дайныг зогсоох 20 заалт бүхий төлөвлөгөөгөө танилцууллаа. Уг төлөвлөгөөг Саудын Араб, Иордан, Египет, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Катар, Турк, Пакистан, Индонез зэрэг орнууд дэмжиж байгаагаа илэрхийллээ. Өөрөөр хэлбэл, энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай гол орнууд бүгд дэмжсэн гэсэн үг юм. Гэхдээ бүс нутгийн болон дэлхийн бусад улс орон бүс нутагт бат бөх энх тайван тогтоох үйл явцын гол алхам гэж үзэж буй Палестин улсыг байгуулах тухай бараг дурдагдаагүй тул дайныг дуусгах магадлал бүрхэг хэвээр байна. Трамп Израилын Ерөнхий сайдтай уулзаж, Газад дайныг зогсоох саналаа танилцуулсан эл үйл явдал НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы дараа болсон юм. Уг чуулганы үеэр Франц, Их Британи, Канад, Австрали болон бусад олон улс Палестиныг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрснөө зарласан. Тэгвэл Палестиныг хүлээн зөвшөөрсөн Европын орнуудын мэдэгдэл бол бэлгэ тэмдэг төдий алхам байсан бол Трампын төлөвлөгөө, бүс нутгийн орнуудаас авсан дэмжлэг нь Биньямин Нетаньяхугийн “хүчээр энх тайван тогтоох”, ямар ч Палестин улсыг байгуулахгүй байх, бизнесийн харилцаагаа өргөжүүлэх, Арабын хөрш орнуудтайгаа харилцаагаа үе шаттайгаар хэвийн болгох гэсэн улс төрийн зорилго бодитоор хэрэгжэхэд дэмжлэг болж байна гэж олон улсын ажиглагчид дүгнэлээ. 


НҮБ-ын хоригийг 10 жилийн дараа сэргээв

Ираны эсрэг авсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээ есдүгээр сарын 28-нд шилжих шөнө дахин хэрэгжиж эхэллээ. Тодруулбал, Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө буюу Техраны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийг 2015 онд Иран болон дэлхийн зургаан гүрний (Их Британи, Герман, Хятад, Орос, АНУ, Франц) хооронд байгуулсны дараа цуцалсан хоригийг дахин сэргээжээ. Энэхүү гэрээнд Техраны талаас ноцтой зөрчил илэрвэл НҮБ-ын хоригийг дахин сэргээхээр тусгасан байна.

Франц, Их Британи, Герман улсууд Техраныг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж буруутган хоригийг сэргээхийг шаарджээ. Харин ОХУ, БНХАУ хоригийг сэргээхийг зургаан сараар хойшлуулахыг санал болгосон тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөр хэлэлцүүлсэн боловч дэмжигдээгүй юм. Ираны тал уг шийдвэрийг "үндэслэлгүй" гэж мэдэгдсэн бол АНУ, Европын орнууд Ираныг хэлэлцээний ширээнд ард эргэн суухыг уриалаад, хориг арга хэмжээг сэргээнэ гэдэг нь Ираны цөмийн хөтөлөбөрийн асуудлыг шийдвэрлэх дипломат аргаас татгалзаж байна гэсэн үг биш гэдгийг цохон тэмдэглэв. Өнгөрсөн зургаадугаар сард АНУ, Израил цөмийн байгууламжуудад нь цохилт өгсний дараа Ираны тал Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагтай /ОУЦЭХА/ хамтын ажиллагаагаа түр зогсоосон юм.


Молдовад Оросыг дэмжигч хүчин ялагдлаа 

Баруун талаараа Румын, бусад талаараа Украинтай хиллэдэг, далайд гарцгүй Зүүн Европын Молдова улсыг Европын Холбоонд нэгтгэх үү эсвэл энэ бодлогоос татгалзах уу гэдгийг шийдэх сонгууль боллоо. 

Энэ удаагийн сонгуулиар Европтой ойртох бодлого баримтлагч “Үйл ажиллагаа ба эв нэгдэл” (PAS) нам парламентад олонхын суудал авч, Оросын бодлогыг дэмжигч сөрөг хүчин дахин ялагдлаа. Саналын хуудсыг 100 хувь тоолсны дараа “Үйл ажиллагаа ба эв нэгдэл” нам 50.20 хувийн санал авснаар парламентад 101 суудлаас 55-ыг нь эзэлжээ. Тус нам өмнөх парламентад 61 суудал эзэлж байсан байна. Европтой ойртох бодлогыг дэмжэгч өөр нэг улс төрийн байгууллага болох “Альтернатива” эвсэл урьдчилсан дүнгээр найман суудал авсан бол, Оросын  дэмжлэг бүхий “Эх орончдын эвсэл” 24.17 хувийн санал авснаар 26 суудал эзэлжээ. Энэ удаагийн сонгууль нь нэг жилийн өмнө болсон ерөнхийлөгчийн сонгууль болон Европын Холбоонд гишүүнээр элсэх эсэх асуудлаарх бүх нийтийн санал асуулгын дараах анхны сонгууль байв.


22 дахь удаагийн шатдаун

Шатдаун буюу төсөв батлагдаагүйн улмаас АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа ажиллагаа 10 дугаар сарын 1-нээс хэсэгчлэн түр зогслоо. 

Бүгд найрамдах нам ба Ардчилсан намаас Конгресст сонгогдсон хууль тогтоогчид төсвийн зардлын зарим заалтыг, тэр дундаа эрүүл мэндийн салбарт шаардагдах зардлыг тохиролцож чадаагүй нь ирэх оны төсвийг батлахад хүндрэл үүссэний гол шалтгаан боллоо. Сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд Америкийн засгийн газар үйл ажиллагаа 22 дахь удаагаа зогсоож байгаа бол энэ удаагийн шатдаун нь Д.Трампын засаг захиргааны хувьд дөрөв дэх удаагийнх юм. Засгийн газрын үйл ажиллагаа зогссон өмнөх гурван тохиолдол Трампын ерөнхийлөгчийн эхний бүрэн эрхийн хугацаанд гарч байв. Хамгийн сүүлийнх буюу 21 дэх удаагийн шатдаун тус улсын түүхэн дэх хамгийн удаан буюу 2018 оны 12 дугаар сарын 22-ноос 2019 оны нэгдүгээр сарын 25-ныг хүртэл 35 хоног үргэлжилсэн юм. Шатдаун удаан хугацаагаар үргэлжилбэл эдийн засгийн ноцтой үр дагавар учруулна гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөхүүд анхааруулсан байна. Тэдний тооцоогоор, хэсэгчилсэн зогсолт нэг сар үргэлжилбэл АНУ-ын ДНБ долоо хоног бүр 15 тэрбум ам.долларын алдагдал хүлээлэх бол ажилгүйчүүдийн тоо 43 мянгаар нэмэгдэх ба хэрэглээний зардал 30 тэрбум ам.доллароор буурах ажээ. Энэ тооцоололд амралтын мөнгөө авалгүйгээр амрах эсвэл цалингүй ажиллахаас өөр аргагүйд хүрэх засгийн газрын агентлагуудын 1.9 сая орчим ажилтныг оруулаагүй байна. 


Өмнөд Солонгосын батлан ​​хамгаалах зардлыг нэмэгдүүлэв

Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний өдрийг тохиолдуулан үг хэлэхдээ Ерөнхийлөгч Ли Жэ Мён ирэх оны батлан хамгаалах төсвийг 8.2 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдлээ. Энэ нь 2008 оноос хойш хамгийн их хувиар өсгөсөн үзүүлэлт юм. 

Трампын засаг захиргаа НАТО-гийн орнуудтай адил ирэх арван жилийн хугацаанд батлан хамгаалах зардлаа ДНБ-ий 5 хувьд хүргэх амлалт өгөхийг Азийн холбоотнуудаасаа шаардаж байгаа энэ үед Ли Жэ Мён дээрх мэдэгдлийг хийсэн нь олон улсын ажиглагчдын анхаарлыг татлаа. 

Нутаг дэвсгэртээ Америкийн 28 мянга гаруй цэргийг байрлуулж байгаа Өмнөд Солонгосын эрх баригчид одоогоор ДНБ-ийхээ 2.3 орчим хувийг батлан хамгаалах салбарт зарцуулж байгаа ба Трампын тогтоосон ДНБ-ий 5 хувьд хүргэхийн тулд батлан хамгаалахын жил тутмын зардлыг 94 тэрбум ам.доллар болгон хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн үг юм. Наймдугаар сард Вашингтонд Трамптай уулзсаны дараа Ли Жэ Мён Өмнөд Солонгос "Солонгосын хойгт аюулгүй байдлыг хангахад илүү их үүрэг гүйцэтгэхийн тулд батлан хамгаалах зардлаа нэмнэ" гэж мэдэгдэж байв. 


Филлипинд хүчтэй газар хөдлөв

Саяхан далайн хүчтэй хар салхи дайран өнгөрсөн Филиппиний төвийн нутагт 6.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө. 

Газар хөдлөлтийн дараа 600 гаруй удаагийн чичирхийлэл болж, хамгийн их хохирол амссан Себу мужид аврах ажиллагаанд хүндрэл учруулжээ. Гамшгийн улмаас 72 хүн амиа алдаж, 559 хүн гэмтэж бэртсэн байна. Мөн барилга байгууламж сүйдэж, тээврийн дэд бүтэц эвдэрчээ. 


Видео тоглоом бүтээгч "Electronic Arts" компанийг Саудын Арабын хөрөнгө оруулагчид худалдан авлаа

Саудын Арабын баялгийн "PIF" сангийн тэргүүлсэн хөрөнгө оруулагчдын консорциум “Battlefield”, “EA Sports FC”, “Madden NFL” зэрэг алдарт тоглоомуудыг бүтээгч "Electronic Arts" компанийг худалдан авч байгаагаа зарлалаа. Хэлцлийн дүн 55 тэрбум ам.долларт болсон нь зээлээр санхүүжсэн худалдан авалтын (leveraged buy-out) түүхэн дэх хамгийн том хэлцэл болж байна.

Дональд Трампын хүргэн Жаред Кушнерийн байгуулсан "Affinity Partners" хөрөнгө оруулалтын компани мөн энэ консорциумд багтжээ. Уг хэлцэл нь хиймэл оюуны тусламжтайгаар тоглогчдын "Electronic Arts" компаниас гаргасан тоглоомуудтай харилцах туршлагыг сайжруулахын зэрэгцээ үйл ажиллагааны зардлыг бууруулах зорилготой юм.


Дэлхийн анхны "хагас их наядтан” төрөв

Америкийн бизнес эрхлэгч, Tesla, SpaceX компанийн тэргүүн, X нийгмийн сүлжээ, нейротехнологийн Neuralink компанийг эзэмшигч Илон Маск хөрөнгийнх нь хэмжээ 500 тэрбум ам.долларт хүрсэн анхны хүн боллоо.

Түүний хөрөнгийн хэмжээ АНУ-ын Зүүн эргийн цагаар лхагва гаргийн 15:30 цагт 500 тэрбум ам.долларт хүрсэн байна. Хөрөнгийнх нь хэмжээ ийнхүү өссөн нь тэрбээр АНУ-ын Засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх агентлагийг удирдах ажлаа орхиж, бизнестээ анхаарлаа хандуулах шийдвэр гаргасантай холбоотой гэж Forbes сэтгүүлд бичсэн байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард И.Маск хөрөнгийнх нь хэмжээ 400 тэрбум ам.долларыг давсан анхны хүн болж байсан юм.


Ирэх долоо хоногийн гол үйл явдлууд:

  • Шведийн нийслэл Стокхолм хотноо Нобелийн долоо хоног албан ёсоор эхэлнэ.
  • Олон улсын валютын сан Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн тайланг 10 дугаар сарын 6-нд танилцуулна.
  • Европын Холбооны Гадаад хэргийн зөвлөлийн уулзалт Люксембург хотноо 10 дугаар сарын 6-нд болно.
  • Амьдрах орчныг хамгаалах дэлхийн өдөр 10 дугаар сарын 6-нд тохионо.
  • Дэлхийн дартсын Гран-При тэмцээн Английн Лестер хотноо 10 дугаар сарын 6-12-нд болно.
  • Талбайн теннисний Уханийн нээлттэй тэмцээн 10 дугаар сарын 6-12-ны өдрүүдэд болно. 
相关新闻