Саранд хүслээ шивнэж, сүү өргөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДОйрын өдрүүдэд өвлийн эхэн сар хэдий нь эхэлсэн боловч Ховд аймгийн төв Ховд хотод налгар намар хараахан буцаагүй байгаа юм. Өдөртөө 5-6 хэмийн тогтуун дулаан нар ээж налгар сайхан өдрүүд үргэлжилж байна. Өчигдөр тэнгэр бүүдгэр байсан хэдий ч тогтуун дулаан байв.
Өчигдөр арван тавны сар мандаж, хүмүүс саранд сүү өргөж хүслээ шивнэсэн үдэш болж өнгөрлөө. Монголчууд эртнээс байгаль дэлхийн ааш араншиг шинжиж, аргадаж ирсэн уламжлалтай. Гэхдээ өчигдөр Ховд хотод тэнгэр бүүдгэр байж, оройдоо том дугуй тунгалаг дув дугуй тэргэл сар манддагаараа л мандсан.
Зарим настан буурлууд ердийн гардаг арван тавны л сар шүү дээ, энэ мичин жил өвлийн сүүл сар, хаврын эхэн сардаа л чангааж магадгүй гэхээс өөр юм ярьсангүй.
Сошиал ертөнцөөр сар дэлхийд сүүлийн 68 жилд анх удаа хамгийн их ойртож энгийн үеэсээ 14 хувь том,30 дахин тод харагдана гэж мэдээлсэн байна.
Хамгийн том сар гарч байгаль дэлхийд урьд хожид үзэгдэж байгаагүй байгалийн үзэгдэл хэмээн ховдчууд саранд сүү өргөж, хүслээ шивнэсэн гэх яриа тэнд тэндгүй яригдсан содон өглөө боллоо.
Харин арван тавны сар мандсаны маргааш өглөө тэнгэр цэлмэг бүртийх ч үүлгүй тогтуун сайхан өдөр болж байна.
А.Бямбасүрэн