Автозам ашигласны төлбөр хураах цэг ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-11-14 19:30:08

Улаанбаатар-  Мандалговь- Даланзадгадын  чиглэлийн авто замд автозам ашигласны төлбөр хураах цэг ажилладаг боллоо.Төлбөр хураах цэгийг Мандалговь хотын хойд захад замын цагдаагийн хяналтын постын дэргэд байршуулан байгуулсан бөгөөд өнгөрөгч долоо хоногийн сүүлчээс үйл ажиллагаа нь эхэлсэн байна.

Засгийн газрын 2016 оны 103 дугаар тогтоолоор Олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан байдаг. Энэ журмын дагуу төлбөр хураах цэг ажиллана.

Шинэчлэн баталснаар зорчигч тээврийн хэрэгсэл зорчигчийн суудлаас хамааран 1000- 3000 төгрөг, ачаа тээврийн хэрэгсэл даацаас хамааран 2000- 10000 төгрөгийг авто зам ашигласны хураамж болгон төлбөр хураах цэгт өгнө. Мөн механизм 10000, мотоцикль 500 төгрөг өгөх ёстой ажээ.

Харин тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэн албан үүргээ гүйцэтгэж яваа болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний зориулалттай тээврийн хэрэгслийг төлбөрөөс чөлөөлдөг байна.

Төлбөр хураах цэгийн орлого замын санд төвлөрч, Авто замын тухай хуулийн 18.4 буюу олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжийг барих, засварлах, арчлах, хамгаалах, тохижуулах, замын үйлдвэрлэлийн баазыг хөгжүүлэх, мэргэжлийн хяналт тавихтай холбогдон гарах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулдаг ажээ.  

Мандалговь хот дахь авто зам ашигласны төлбөр хураах цэг ашиглалтад орсноор орон нутгаас 6 иргэн ажлын байртай болжээ.

Т. Отгонтуяа           

 

相关新闻