Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн салбарынхны цалинг инфляцтай уялдуулж, жил бүр нэмнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Хот, нийтийн аж ахуйн салбарын ажилчдын цалинг инфляцтай уялдуулж, жил бүр нэмэхээ нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дүүргүүдийн менежер болоод хот, нийтийн аж ахуйн салбарт ажиллаж буй компаниудын төлөөлөлтэй уулзах үеэрээ онцлов.
Тэрбээр, “Намайг
ажлаа авахад энэ салбарын төсөв 50 тэрбум төгрөг байсан бол ирэх жил цэвэрлэгээ, үйлчилгээнд 360
гаруй тэрбум төгрөг тусгаад байна. Техник
тоног төхөөрөмжөө ч шинэчилж байна. Тоног
төхөөрөмжийг үйлдвэрлэгчээс нь авч, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлээр өгч байна. Хүйтрэхээс өмнө шаардлагатай багаж,
тоног төхөөрөмжийн захиалгаа өгөөрэй.
Нэг машинаар цас хусах, ачих, хог шүүрдэх боломжтой байдлаар
тоноглолуудыг нь нэмнэ. Ирэх жилээс хотын гудамж, замын хайс хашлагыг машин
техникээр угаадаг болохыг зорьж
байна. Ингэснээр салбарын компаниуд бойжиж, чанаржина. Цалин хөлс, техник тоног төхөөрөмжийг
нь шийдсэн тул гүйцэтгэл,
чанарыг шаардана” гэжээ.
Уулзалтаар
хотын ногоон байгууламжийн арчилгаа, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, үүнд
хэрэглэх техник төхөөрөмж, ирэх оны төлөвлөлт, болоод өвлийн бэлтгэлийн талаар хэлэлцлээ.