“Улаанбаатарын үйл явц”-ын дугуй ширээний ярилцлага эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-11-14 16:56:49

Зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэхийн төлөө бүх нийтийн түншлэл (GPPAC) олон улсын төрийн бус байгууллагуудын холбооны Зүүн-Хойд Азийн Зохицуулах төв, Цөмийн аюулаас ангид байхын төлөө "Цэнхэр сүлд" ТББ-тай хамтран зохион байгуулж буй “Зүүн хойд Азийн аюулгүй байдал” дугуй ширээний ярилцлага өнөөдөр Гадаад хэргийн яамны "Зөвшилцөл" танхимд эхэллээ.

"Цэнхэр сүлд" ТББ-ын Гүйцэтгэх захирал, доктор профессор Д.Мягмар уулзалтын тухайд, "Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монголын төрийн бус энхтайвны төлөөх судалгааны байгууллагууд Зүүн хойд Азийн орнуудтай хамтарч ажилласны үр дүнд Зүүн хойд Азийн аюулгүй байдал, түүний дотор цөмийн аюулгүй байдлын асуудлаар Улаанбаатарт ярилцаж байх нь зөв юм хэмээн тогтсон. Тиймээс  “Улаанбаатарын үйл явц”-ын уулзалтыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ уулзалтаас хамгийн анхаарал татаж буй үйл явц бол Хойд Солонгосын энхтайвны байгууллагын төлөөлөгчид оролцож байгаа явдал юм. Мөн Өмнөд Солонгос, Япон, БНХАУ, ОХУ, Монгол Улс зэрэг орны төрийн бус байгууллагынхан Зүүн хойд Азийн цөмийн аюулгүй байдлын асуудлыг ярилцаж байна" гэлээ.

Түүнчлэн тэрбээр уг дугуй ширээний ярилцлагыг Улаанбаатарт зохион байгуулж байгаа нь ихээхэн онцлогтой. Өөрөөр хэлбэл, Монгол Улс нь Зүүн хойд Азийн орнууд дотроо цөмийн зэвсгээс ангид бодлого явуулдаг. Түүнчлэн Зүүн хойд Азийн аль нэг оронтой улс төрийн болоод газар нутгийн маргаангүй орон гэдэг утгаараа төрийн бус байгууллагуудын түвшинд бүс нутгийн аюулгүй байдлыг ярилцаж байгаа гэдгийг тодотголоо.

Дугуй ширээний уулзалт ярилцлагад оролцогчид Зүүн хойд Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах бололцоо, үүнд Монгол Улсын гүйцэтгэж болох үүрэг, Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг цаашид баталгаажуулах зэргээр бүс нутгийн аюулгүй байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл солилцож, ярилцлага өрнүүлэн, төрийн бус байгууллагуудын үүргийг нэмэгдүүлэх, энх тайвныг бэхжүүлэхэд чиглэсэн бодитой санал санаачилгыг дэмжих чиглэлээр санал солилцож байна.

Жил бүр тодорхой арга хэмжээ зохиож байх энэхүү үйл явцын энэ удаагийн дугуй ширээний уулзалтад GPPAC-ийн Гүйцэтгэх захирал болон уг сүлжээний Зүүн-Хойд Азийн бүсийн төвийн удирдлага иржээ. GPPAC нь зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, маргааныг эв зүйгээр зохицуулахад дөхөм үзүүлэх зорилго бүхий 15 салбартай, дэлхийн 100 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын  сүлжээ аж. 

"Цэнхэр сүлд" ТББ нь 2005 онд байгуулагдсан Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх бодлого, үйл ажиллагааг дэмжих зорилго бүхий нийгэмд үйлчлэх, ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага юм. Өнгөрсөн 10 жилд олон тооны олон улсын болон үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний бага хурал, уулзалт ярилцлагыг зохион байгуулсан, аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудаар  мэдэгдэл, уриалга гаргах, таниулга сурталчилгаа хийх зэрэг үйл ажиллагаагаараа гадаад дотоодод тодорхой өндөр нэр хүнд хүлээх болсон байна. Уг байгууллагын Ерөнхийлөгчөөр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат ажилладаг.

Дугуй ширээний уулзалт ярилцлага энэ сарын 16-нд өндөрлөнө.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻