БАЯНХОНГОР: Намрын мод тарилтыг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-09-17 12:25:05

Баянхонгор, 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн "Хот тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн албаны ажилчид намрын мод тарилтыг эхлүүллээ. Өнөөдөр 150 орчим голт борыг Нарст гудамж, Нэгдсэн эмнэлгийн арын зурвас, Гандан орчмоор тарьж байна.


Намрын улиралд модыг ихэвчлэн 9–10 дугаар сар буюу газар хөлдөхөөс өмнө 20–30 хоногийн зайтай тарьдаг. Уулын бүсэд эрт хүйтэрдэг тул есдүгээр сарын дунд хүртэл, харин говь, тал нутгийн бүсэд 10 дугаар сарын эхээр мод тарих нь хамгийн тохиромжтойг мэргэжилтнүүд хэлж буй. Тиймээс намрын мод тариалтыг үргэлжлүүлэн Түйн голын зах, ойн зурваст газруудаар тарихаар төлөвлөжээ.


Намар мод тарьснаар хөрс чийгтэй байдаг тул усалгааны хэрэгцээ бага, навч унаж, мод амралтын байдалд ордог учир үндэс сайн сууж, хавар хурдан ургадаг, хаврын тариалалтаас эрт үндэслэдэг онцлогтой.


Ногоон байгууламж нь агаарт дэгдэх нүүрсхүчлийн хийг багасгаж, хүчилтөрөгчийг нэмэгдүүлэн, тоосжилтыг дарж, цэвэр агаараар амьсгалах нөхцөлийг бүрдүүлдэг.  


Баянхонгор аймгийн төвд мод, сөөгний талбайн нийт хэмжээ 236.872 м.кв, ойн зурвас 520.000 м.кв талбайг эзэлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар аймгийн төвд 17 гүний худаг гарган аймгийн төвийн ногоон байгууламжийн усалгааг бүрэн хангаж, арчилгааг тогтмолжуулаад байна.


相关新闻