Олимпиадын тэргүүн байрын сурагч ОХУ-д үнэ төлбөргүй суралцана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан аймагт аймгийн Засаг дарга Д.Батсайханы нэрэмжит математикийн олимпиад 14 дэхь жилдээ амжилттай болж өнгөрлөө.
Завханы хүүхдүүдийн математик сэтгэлгээг хөгжүүлэх, математик сонирхогчдын хүрээг өргөжүүлэх зорилготой олимпиад математикийн багш, математикаас бусад мэргэжлийн багш, эцэг эхчүүд сурагчид гэсэн 12 ангиллаар хоёр үе шаттай зохион байгуулагджээ. Олимпиадын эхний шалгаруулалт 10 дугаар сарын 21-28 өдрүүдэд аймгийн зургаан бүсэд зохион байгуулагдаж ерөнхий боловсролын сургуулийн 4-12 ангийн 2650 сурагч, математик, физикийн 74 багш, мэргэжлийн бус -145, 208 эцэг эх нийт 3087 хүн оролцсон байна. Олимпиадын эхний шалгаруулалтаас шалгарсан Увс аймгийн Өмнөговь, Наранбулаг, Улаангом-III, IV бүрэн дунд сургууль, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын сургууль, Эмпати сургуулиудын нийт 494 сурагч, багш, эцэг эхчүүд оролцож шилдгийн шилдгүүд тодорчээ.
Өмнөговь сумын иргэн Энхтайван "Манлай эцэг"-ээр шалгарчээ
Олимпиадын хамгийн уран бодолт гүйцэтгэсэн сурагчаар Түдэвтэй сумын бүрэн дунд сургуулийн 6-р ангийн сурагч Ш.Манданбадрах, Тэс сумын бүрэн дунд сургуулийн 9-р ангийн сурагч Г.Батжавхлан нар тодорчээ. Харин хамгийн өндөр оноо авсан сурагчаар Увс аймгийн Өмнөговь сумын бүрэн дунд сургуулийн сурагч Э.Солонго 18 онооноос 18 оноо авч “Үнэмлэхүй” аваргаар тус тус шалгарчээ. Олимпиадад хүүхдүүдээ амжилттай оролцуулж хамгийн олон медаль хүртсэн эцэг эхээр Увс аймгийн Өмнөговь сумын иргэн Энхтайваны гурван хүүхэд нь оролцож нэг алт, хоёр мөнгөн медаль, Завхан аймгийн Их-Уул сумын иргэн Д.Баянмөнхийн хоёр хүүхэд оролцож хоёр алт, нэг хүрэл медаль хүртэн “Манлай эцэг эх”-ээр шалгарсан байна. Олимпиадад шавь нараа бэлтгэн оролцож хамгийн олон медаль хүртсэн бага ангийн манлай багшаар Завханы ЧЭЛС-ийн багш Н.Оюунхүү нэг алт, нэг мөнгө, нэг тусгай байр, дунд ангийн “Манлай багш”-аар Завханы Дэвшил бүрэн дунд сургуулийн багш Д.Сүлд-Эрдэнэ, Тосонцэнгэл сумын 1-р сургуулийн багш П.Соёл-Эрдэнэ нар тус тус шалгарсан байна.
Хамгийн олон медаль хүртсэн “Манлай сургууль”-аар хоёр алт, зургаан мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар Завханы Чандамань-Эрдэнэ лаборатори сургууль шалгарсан байна. 12-р ангийн ангилалд түрүүлсэн Завханы Баянтэс сумын бүрэн дунд сургуулийн сурагч Ж. Доржсэмбийг ОХУ-д засгийн газрын тэтгэлгээр хүссэн мэргэжлээрээ дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнаж урамшуулжээ.
Б.Мягмарсүрэн