Босоо тогтолцоо бүхий улсын малын эмнэлгүүдийг байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваас ХХААХҮ-ийн сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн мэдээллийн эхэнд МАА-н салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, монгол малаас ашиглаж болох нөөц боломжийг бүрэн дүүрэн ашиглах талаарх дэвшүүлж буй чиглэл, зорилт, төлөвлөж байгаа арга хэмжээны талаар Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва асуулга ирүүлсэн гэдгийг тодотгоод тус салбар нь ДНБ-ий 13.7 хувь буюу 3.7 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн анхан шатнаас үйлдвэрлэн, экспортод 333.2 сая ам долларын бүтээгдэхүүн гаргаж, нийт экспортын орлогын 7.1 хувийг бүрдүүлсэн хэмээлээ.
Түүний мэдээллээр бол, энэ онд өнөөдрийн байдлаар экспортод дөнгөж 5.1 мянган тн малын мах гаргасан байна. Худалдааны хориг бүхий малын гоц халдварт 3 төрлийн өвчинтэй байга. МАА-н гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, бэлтгэлийн сайн тогтолцоо бий болгох шаардлага ч байна. Иймд эрх зүйн болон тогтолцооны хувьд өөрчлөлт хийхээр зорьж байгаа аж.
Мал эмнэлгийн тогтолцоог шинэчлэх хүрээнд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг шинэчлэн боловсруулжээ. Тус хуульд мал эмнэлгийн тогтолцоог олон улсын болон хөрш орнуудын жишиг, босоо тогтолцоотой болгохоор тусгасан аж. Мөн малын чанар, түүхий эдийн чанарыг сайжруулах ажлыг малаасаа эхлүүлэх гэнэ. Энэхүү ажлыг хэрэгжүүлэхдээ эхлээд Малын генетик нөөцийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэхээр тогтжээ.
Түүнчлэн бэлчээрийн талаарх судалгааг нарийвчлан хийж, бэлчээр хамгаалах хуулийг боловсруулах, газар тариалангийн бүс нутагт тулгуурласан эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, таваарлаг мал болох үхэр, хонины тоог болон чанарыг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйн эрх зүйн орчинг сайжруулан тусгайлсан хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүний зэрэгцээ "Эрүүл хүнс-эрүүл монгол хүн" аяныг хэрэгжүүлж, монгол малын түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулан зорилтот зах зээл рүү чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. Арьс шир, ноос ноолуурын бүтээгдэхүүнээс эхлэн өлөн, эхэс зэрэг бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрийг дэмжин ажиллана. “Монгол малчин” хөтөлбөрийг боловсруулан батлуулж хэрэгжүүлнэ гэдгээ салбарын сайд энэ үеэр танилцуулав.
Сайдын мэдээллийн дараагаар гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч, саналаа хэлж байна.
Б.Туул