Б.Чойжилсүрэн: 2020 оноос төсвийг алдагдалгүй баталдаг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-11-11 14:14:19

УИХ-аас ирэх оны төсвийг баталсантай холбогдуулж Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн “2017 оны төсвийг өчигдөр УИХ-ын чуулганаар баталлаа. Эцэслэн баталсан тоогоор төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 6 их наяд 160.2 тэрбум төгрөг байхаар баталсан. 2016 оны тухайд нэгдсэн төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэл 5 их наяд 400 орчим тэрбум төгрөг байгаа. Ирэх жилдээ эдийн засгийн өсөлтийн 3 хувиар нэмэгдүүлээд, нэгдсэн төсвийн орлогыг энэ жилтэй харьцуулахад 700 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Зарлагын хувьд 8 их наяд 568.2 тэрбум төгрөгөөр баталсан. Нэгдсэн төсвийн алдагдал 2.5 их наяд байхаар төсвийг баталлаа. Төсвийг батлуулахдаа хэд хэдэн чиглэл барьсаны дотор эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлого барьсан. 2016 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр ДНБ-ий өсөлт 1.3 хувьтай байгаа. Харин 2017 онд энэ тоог 3 хувьд хүргэх бодлого барьлаа.  Эдгээр 3 хувийн өсөлтийг хангахын тулд энэ өвлөөс хэд хэдэн том төслийг явуулахаар бэлтгэл хангаж байна. Үүнд, Тавантолгой, төмөр замын хамт, Тавантолгойн цахилгаан станц, Гацуурт, ТЭЦ-III-ийн хүчин чадлыг 250 мвт-аар нэмэгдүүлэх зэрэг төсөл багтаж байгаа" хэмээв. 

Тэрбээр цааш хэлэхдээ, “Татварын хувь хэмжээнүүдийг нэмэхгүй. Төсвийн зарлагын тухайд төсвийн бүх байгууллага хэмнэлтийн горимд ажиллана. Бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн ерөнхий менежерүүд тогтоосон орон тоондоо тохируулаад үйл ажиллагаагаа уян хатан зохицуулах эрхийг хуулиар өгсөн. Түүнчлэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд насны хишгийг жилд хоёр удаа олгоно. Боловсролын зээлийн санд 104.5 тэрбум төгрөг, дэлхийн шилдэг их дээд сургуульд элсэн суралцагсадын төрөөс олгох сургалтын төлбөрт 14,5 тэрбум төгрөг, МСҮТ-ын оюутанд олгох дэмжлэгийг  9 тэрбум төгрөг суулгасан. Хүүхдийн мөнгийг 60/40 хувийн харьцаагаар олгоно. Мөн төрийн албан хаагчдын өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой заалтын өмнөх зохицуулалтыг сэргээж 36 сар болголоо” гэлээ.

Дээрх мэдээллийг хийсний дараа Сангийн сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-УИХ-ын чуулганаар цалинтай ээж хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хуулийг яаж өөрчлөх вэ гэдэг асуудал яригдаж байх шиг байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хэр хэмжээний хөрөнгө шаардлагатай вэ?

-Цалинтай ээж хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэр 2017 оны төсөвт суугаагүй. Ирэх оны төсвийн тодотголоор энэ хөтөлбөрийн санхүүжилтийн асуудал сөхөгдөх байх. 

-Валютын ханш хяналтаас гарч байна. Монголбанктай энэ асуудал дээр ойлголцож чадахгүй байна уу. Засгийн газрын зүгээс Монголбанканд үүрэг өгөөд биелүүлэхгүй байгаа учраас Сангийн сайдад үүрэг өгсөн гэж ойлгосон. Үүнд тайлбар өгнө үү?

-Засгийн газар Монголбанкинд үүрэг өгдөг эрх байхгүй. Монголбанк УИХ-ын харьяа байгууллага. Тийм учраас Монголбанк Засгийн газар хоёр хамтран ажилладаг. Валютын ханш сүүлийн өдрүүдэд огцом нэмэгдэж байгаа. Үүнийг Засгийн газар анхааралтай ажиглаж, хяналтаа алдахгүй байдлаар ажиллаж байна. Гол бэрхшээл бол Монгол Улс руу орох валютын урсгал саарсантай холбоотой.

Өнгөрсөн жилүүдэд 7 их наяд 954 орчим тэрбум төгрөгийг хэвлэж зах зээл рүү нийлүүлсэн. Энэ нь валютын эрэлтийг нэмэгдүүлсэн. Энэ эрэлтийг хангахын тулд Монголбанк валютынхаа нөөцийг шавхсан. Шинэ Засгийн газраас валютын урсгалыг дотогш нь болгох асуудлыг гадаадын санхүүгийн байгууллагуудтай ярьж байгаа. Валютын ханш энэ оны төгсгөл, ирэх оны ихээр жаахан буурах байх. Ойрын хугацаанд эргэж мэдээлнэ.  

-Төсвийн алдагдлыг 2.5 их наяд төгрөгөөр тооцсон. Ер нь манай улс хэзээнээс төсвөө алдагдалтай баталдаг болсон юм бэ? Сүүлийн гурван жилийн байдлаар алдагдлыг хэд гэж тусгаж өгсөн байдаг юм бэ?

-Төсвийн алдагдлыг 2.5 их наядаар баталж байгаа нь өндөр хувь юм. Ирэх жил 7 хувь, 2019 онд 5.5 хувьд хүргэж 2020 оноос төсвийг алдагдалгүй батлах зорилт тавиад ажиллаж байна. Төсвийн алдагдлыг хэт огцом бууруулбал дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөнд огцом нөлөөлнө. Огцом буулгах бололцоогүй. Хэрвээ огцом буулгах юм бол төрийн албан хаагчдын цалин руу орохоос өөр аргагүй. Өнгөрсөн жилүүдэд төсвийг худал зохиож, төлөвлөж ирсний үр дүн ийм нөхцөл байдлаар гарч ирж байна. 

-Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдвал тодотгол хийх үү?

-Валютын сангаас манай улс хөтөлбөр авъя гэдгээ илэрхийлсэн. Өнгөрсөн аравдугаар сарын 4-өөс энэ сарын 4-ны хооронд хэлэлцээр хийлээ. Валютын сангийн төлөөлөгчид Монголд ирээд Монголбанк, Сангийн яамны бүх суурь тоог шалгаж баталгаажуулаад явсан. Манай оронд ирсэн төлөөлөгчид очоод удирдлагуудтайгаа зөвшилцөнө. Бид ч мөн судалгаагаа хийнэ. Хэрвээ өөдрөгөөр төсөөлбөл 2017 оны нэгдүгээр сард багтаж валютын сангийн хөтөлбөр манай улсад хэрэгжүүлэх эсэх нь тодорхой болно. Үүний наана хэлэлцээр эцэслэгдвэл тодотгол хийгдэхийг үгүйсгэхгүй. 

-Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр та нийт экспортын орлогын 54 хувь нь Монголд, үлдсэн нь монголоос гараад байна гэсэн. Энэ нь хэдэн компанид хамаарч байгаа ойлголт вэ?

-Баримжаалж хэлвэл Монгол Улс 100 төгрөгийн экспорт хийхэд 54 хувь нь монголдоо, 46 хувь манай улсад орж ирэхгүй байна гэсэн үг. Үүнийг ганц Оюутолгойд хамаатуулж болохгүй. Бусад төслүүд ч гэсэн ялгаагүй ийм юм билээ. Судлаад үзэхээр гаднаас зээлээр хөрөнгө оруулалт хийгээд төсөл босчихсон. Урьд авсан зээлээ эргэн төлдөг ийм эдийн засгийн бүтэц байгаа юм билээ.

-Төсвийн алдагдлыг 9,9 хувиар оруулж ирээд 9,1 хувиар баталлаа. Орлогоо нэмсэн үү эсвэл зарлагаа хасав уу?

-Орлого нэмсэн. Засгийн газраас Тогтворжуулалтын санг 2017 онд ашиглана гэж төсвийн төсөл дээр оруулж ирээгүй. УИХ дээр Тогтворжуулалтын сангийн 300 орчим тэрбум төгрөгийг эх үүсвэр талдаа ашигла гэсэн. Мөн өмч хувьчлалын орлогыг 50 тэрбумаар нэмэгдүүлэхээр болсон. “Монгол шуудан” компанийг 20 тэрбум төгрөгөөр, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” компанийг 30 тэрбум төгрөгөөр хувьчилна гэх мэт өөрчлөлт орж ирсэн.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас гадна бусад улс орноос зээл авахаар ярьж байгаа. Зээлийн эх үүсвэрийг юунд зарцуулах вэ?

-ОУВС-тай хэлэлцээр хийж байгаагийн зэрэгцээ ОХУ, БНХАУ, АНУ, Япон зэрэг том эдийн засагтай орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлээч гэсэн хүсэлтээ тавьж байна. Хугацааны хувь 20 жилээс доошгүй, 2 хувийн хүүтэйгээр дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Зээлийн хэмжээний хувьд тохироо эцэслэн хийгээгүй. Хэрэв зээл авсан тохиолдолд зээлээ дахин санхүүжүүлнэ. Тодруулбал, манай авсан зээлүүд жилийн 10,8 хувийн хүүтэй. Тиймээс тэр өндөр хүүтэй зээлээ бага хүүтэй зээлээр солихгүй бол зээлийн хүүгийн дарамтад орно. Бодлогын түвшинд өөрчлөлт оруулж чадахгүй бол 2017 онд 1,3 их наяд төгрөгийг, 2018 онд энэ тоо 2 их наяд руу орж ирнэ. Гарцаагүй байдлаас ийм зохицуулалт хийхээр болоод байна.

-“Оюутолгой” компаниас нэмэлт роялти татвар авна гэж Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа мэдэгдэж байсан. Гэвч энэ нь одоо байгаа татварын хуулиар Монгол Улс “Оюутолгой” компанийн эзэмшлийн 34 хувиас татгалзсан тохиолдолд нэмэлт роялти авах боломж бүрдэх юм байна. Уг асуудалд анхаарал хандуулж байгаа юу?

-2009 онд “Оюутолгой” компанитай байгуулахдаа тухайн үеийн татвартай холбоотой хуулийн заалтыг баталгаажуулаад, олон улсын заалтаар баталчихсан юм байна лээ. Иймд Засгийн газрын зүгээс “Оюутолгой” компанийн Монгол дахь үр ашгийг нэмэгдүүлэх асуудлаар ярилцаж байгаа. Гэхдээ хуучин 2009 онд хийсэн гэрээ хөндөгдөхгүй гэж тусгасан учраас тодорхой хэмжээний бэрхшээл байна. Энэ асуудлыг тухайн үед нь эргэж мэдээлнэ.

-“Чалко” компанийн өр хэд үлдсэн бэ?

-Чалкогийн өр одоо 90 гаруй сая ам.доллар үлдсэн. Энэ өрийг нүүрсний үнийн өсөлттэй уялдуулж 2017 онд багтаад төлж дуусгана гэсэн төлөвлөгөө байна.

-Ирэх оны төсөвт ам.долларыг хэдэн төгрөгөөр тусгасан бэ?

-Засгийн газраас төсвийн төслийг боловсруулахдаа 2016 оны есдүгээр сарын 30-ны ханшаар бодож тооцсон. УИХ-аар төсөв батлагдахдаа тэр өдрийн ханшаар тооцож батлах ёстой. Ойролцоогоор нэг ам.долларыг 2400 орчим төгрөгөөр тооцож баталсан.

-Өмч хувьчлалын хүрээнд ямар обьект хувьчлах вэ?

-Төрийн банкийг 75 тэрбум, Хөрөнгийн биржийг 20 тэрбум, “Оргил” рашаан сувиллыг 7 тэрбум, “Монголын цахилгаан холбоо” компанийг 7.6 тэрбум төгрөгөөр хувьчилна гэж Засгийн газраас төсвийн төсөлд суулгасан. Төсөв батлагдах үед дээрх обьектууд дээр хоёр обьект нэмж, 50 тэрбум төгрөгөөр хувьчлалын орлогыг нэмэгдүүлнэ.  

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

 

 

      

相关新闻