Балбын уулчин 8000 м-ээс дээш өндөртэй оргилуудад 50 удаа авирчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
КАТМАНДУ, 2025 оны наймдугаар сарын 26 /Anadolu/. Балбын уулчин Нирмал Пуржа Пакистаны хойд нутагт орших Нанга Парбат оргилд гарснаар 8000 м-ээс дээш өндөр уулсын оргилд 50 удаа гарсан анхны хүн боллоо гэж Пакистаны уулчдын холбооноос ням гарагт мэдэгджээ.
Тэрбээр 50 авиралтынхаа 22-ыг нь нэмэлт хүчилтөрөгчийн нөөцгүйгээр хийсэн нь мөн дэлхийн шинэ дээд амжилт юм гэж Пакистаны уулчдын албан ёсны холбоо болох Альпийн клубээс мэдэгдсэн байна.
“Алуурчин уул” гэгддэг 8126 м өндөр Нанга Парбат нь байгалийн
үзэсгэлэнт Гилгит-Балтистан бүсэд
оршдог бөгөөд авирахад нэн хэцүү тул дэлхийн хамгийн аюултай оргилуудын нэгд тооцогддог.
Н.Пуржа уг ууланд авирсныхаа дараа хэлэхдээ, энэ
бол миний амьдралын хамгийн аюултай авиралт байлаа, хүчтэй салхи, цас мөс,
чулуу нурахтай олон удаа тулгарлаа
гэсэн байна. Тэрбээр энэхүү
авиралтыг Балба, Их Британийн 200
жилийн найрамдалд зориулсан
бөгөөд Их Британийн тусгай хүчинд алба хааснаа дурсан туг барьсан байв.
Н.Пуржа
2019 онд дэлхийн 8000 м-ээс дээш
орших 14 оргилыг бүгдийг нь зургаан сар, зургаан өдрийн дотор эзэлж чадсан “Project Possible” гэдэг төслөөрөө хэдийн алдартай болсон юм. “Netflix”-ийн “14 оргил: Боломжгүй зүйл гэж үгүй” хэмээх баримтат кинонд энэ тухай өгүүлдэг.
Тэрбээр
мөн 2021 онд К2 оргилд өвлийн
улиралд нэмэлт хүчилтөрөгчгүйгээр гарсан анхны багийн бүрэлдэхүүнд багтсан юм. Одоо 8000
м-ээс дээш бүх оргил болон “Долоон
оргил”-д гурав дахь удаагаа
авирах “Хэт-трик сорилт”-оо үргэлжлүүлж байгаа ажээ.
“8000 м-ээс дээш өндөр 50 дахь оргилдоо гарснаар Пуржа түүхэн дэх хамгийн
агуу уулчдын нэг гэдгээ
баталлаа” гэж уулчдын холбооны мэдэгдэлд дурджээ. Н.Пуржа ууланд авирахаас гадна боловсрол, байгаль
орчны төсөл, уулын клубүүдийг дэмждэг Нимсдай санг байгуулсан
байна.