Леброн Жеймс сар гаруйн хугацаанд талбайд гарахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-10-17 11:15:22

ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны аравдугаар сарын 17 /rbc.ru/. Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны тэмцээний дөрвөн удаагийн аварга, “Лос-Анжелес Лейкерс” багийн довтлогч Леброн Жеймс 12 дугаар сараас нааш талбайд гарах боломжгүй болсон тухай Lakers Daily цахим хуудсанд мэдээлжээ.


Учир нь, өдгөө 40 настай сагсан бөмбөгчин ишиас буюу суудлын мэдрэл дарагдах өвчнөөр сүүлийн хэдэн сарын турш шаналж байгаа бөгөөд сэргээн засах эмчилгээ сунжирч магадгүй байна. Иймээс Л.Жеймс тамирчны замналдаа анх удаагаа NBA-гийн улирлын эхний тоглолтод оролцож чадахгүй бололтой.


Шинэ улирал 10 дугаар сарын 21-нд эхлэх бөгөөд лейкерсчүүд талбайдаа “Голден Стейт Уорриорз”-той тоглоно.


Өмнө нь, Леброн зодог тайлахаар төлөвлөж байна гэж мэдээлж байсан боловч тэрбээр энэ талаар эцсийн шийдвэрээ гаргаагүй юм.


Өнгөрсөн улиралд Л.Жеймс NBA-гийн аварга шалгаруулах тэмцээний нэг тоглолтод дунджаар 24,2 оноо, плей-оффын таван тоглолтод дунджаар 25,4 оноо авсан байна. Харин энэ удаад тэрбээр улирлын өмнөх эхний хоёр тоглолтод оролцоогүй ба улирал эхлэхийн өмнө бүрэн хэмжээний бэлтгэл огт хийсэнгүй.


Хэрвээ тэрбээр илааршиж, 23 дахь улирлын тоглолтод оролцвол энэ үзүүлэлтээр Винс Картерын тогтоосон дээд амжилтыг давж гарах юм.  


Өнгөрсөн улиралд Леброн сагсан бөмбөгийн талбайд 20 настай өөрийн хүү Броннигийн хамт гарсан нь NBA-гийн түүхэнд эцэг хүү хоёр хамтдаа тоглосон анхны тохиолдол болсон билээ.


Тэрбээр 2018 оноос хойш “Лейкерс”-т тоглож байгаа бөгөөд түүхэн дэх хамгийн шилдэг сагсан бөмбөгчдийн нэг юм. “Майами” багийн бүрэлдэхүүнд хоёр удаа, “Кливленд” ба “Лейкерс”-ийн бүрэлдэхүүнд тус бүр нэг удаа NBA-гийн аварга болсон тэрбээр 2008, 2012, 2024 оны Олимпын наадмуудаас алтан медаль хүртжээ.  

相关新闻