К.Роналду “Forbes”-ын жагсаалтыг дахин тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-10-17 10:14:03

ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 17 /AFP/. Португалын алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналду Америкийн “Forbes” сэтгүүлээс эрхлэн гаргадаг хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчдийн 2025-2026 оны жагсаалтыг дахин тэргүүлжээ. 


Ингэснээр тэрбээр сүүлийн 10 жилийн хугацаанд зургаа дахь удаагаа уг жагсаалтыг тэргүүлж байна. Өдгөө 40 настай Роналду анхны тэрбумтан хөлбөмбөгчин болсон тухай “Bloomberg” мэдээлснээс хойш ердөө долоо хоногийн хугацаа өнгөрч байгаа юм.  


“Аль-Наср” клубт хүчин зүтгэж буй К.Роналдугийн талбай дээр болон талбайн гадна олсон орлого нь ойролцоогоор 280 сая ам.доллартой тэнцсэнээр жагсаалтыг тэргүүлсэн бол АНУ-ын “Интер Майами” клубт тоглож буй Лионел Месси 130 сая ам.долларын орлоготойгоор удаалжээ. Тэдний араас Францын хөлбөмбөгчин, “Алтан бөмбөг” шагналын эзэн Карим Бензема бичигдсэн байна. Тэрбээр “Саудын Аль-Иттихад” багтай байгуулсан гэрээний дагуу жилд 104 сая ам.долларын цалин авч байгаа ажээ.


Жагсаалтын эхний 10-т багтсан Саудын Арабад тоглож буй гурав дахь хөлбөмбөгчин бол К.Роналдугийн багийн анд, сенегал довтлогч Садио Мане бөгөөд 54 сая ам.долларын орлогоор наймдугаарт бичигджээ. Саудын Арабад тоглож буй хөлбөмбөгчдөөс шилдэг 10-т багтсан хүмүүсийн тоо өмнөх жилийнхтэй харьцуулахад нэгээр буурсан нь Бразилын хөлбөмбөгчин Неймар нэгдүгээр сард “Аль-Хиляль” багийг орхин Сан-Паулу дахь “Сантос” хэмээх залуудаа тоглож байсан клубтээ эргэн ирсэнтэй холбоотой. Тэрбээр 2024-2025 оны жагсаалтад 110 сая ам.долларын орлогоор жагсаалтын гуравдугаарт бичигдэж байсан бол одоо 38 сая ам.долларын орлого олж байгаагийн ихэнх нь голдуу талбайн гаднах гэрээнүүдийн орлогоос бүрдэж байна.


Английн Премьер лигийн клубүүд зуны шилжилт хөдөлгөөний цонх үеэр 2.6 тэрбум фунт стерлингийг /3.5 тэрбум ам.доллар/ зарцуулсан боловч тус тэмцээний хоёр тоглогч шилдэг 10-т багтсан нь “Манчестер Сити”-гийн Эрлинг Холанд /тавдугаарт/, Ливерпүүл”-ийн Мохаммед Салах /долоодугаарт/ нар байлаа.


Гэхдээ шилдэг 10-т хамгийн олон төлөөлөлтэй нь Испанийн Ла Лиг байсан бөгөөд “Реал Мадрид”-ын гурван тоглогч болох Килиан Мбаппе /дөрөвдүгээрт/, Винисиус Жуниор /зургаадугаарт/, Жуд Беллинхем /есдүгээрт/ нар багтжээ. Испанийн дөрөв дэх тоглогч бол 43 сая ам.долларын орлогоор 10-т бичигдэж буй “Барселона”-гийн залуу од Ламин Ямаль юм.


“Дэлхийн хамгийн өндөр орлоготой 10 хөлбөмбөгчин нийлээд 2025-2026 онд ойролцоогоор 945 сая ам.долларын орлого олох төлөвтэй байна” гэж “Forbes”-ын мэдэгдэлд дурджээ.

 


相关新闻