Улс орны нийгэм, эдийн засагт чухал нөлөөтэй голлох хуулиудыг эцэслэн баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-11-10 18:41:28

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр улс орны нийгэм, эдийн засагт чухал нөлөөтэй голлох хууль, тогтоолуудыг хэлэлцэж баталлаа. 

Нэн тэргүүнд өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж баталсан юм. Ингэснээр ирэх оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4,378,889.9 сая төгрөгөөр, улсын төсвөөс 2017 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 6,759,169.6 сая төгрөгөөр, санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 250,654.7 сая төгрөгөөр, улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх "Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн дүнг 71,518.6 сая төгрөгөөр баталлаа. Мөн Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2017 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 172,794.9 сая төгрөгөөр, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу Ирээдүйн өв санд 2017 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 221,651.0 сая төгрөгөөр батлав. 

Түүнчлэн Нийгмийн даатгалын санд 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын хэмжээг 1,978,036.0 сая, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн зарцуулах төсвийн хэмжээг 1,887,408.8 сая төгрөгөөр тус тус батлав. 

Өнөөдрийн хуралдаанаар мөн 2017 оны төсөвтэй хамт өргөн мэдүүлсэн 10 хууль, 4 тогтоолын төсөл баталлаа. Ингэснээр Хүүхэд харах үйлчилгээний санхүүжилтэд ирэх онд 5,8 тэрбум төгрөг зарцуулах болж, “Монгол шуудан” компанийг 20 тэрбум төгрөгөөр, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” компанийг 30 тэрбум төгрөгөөр тус тус хувьчлахаар шийдвэрлэлээ.

Мөн прокурорын байгууллагын албан тушаалын цалин, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалинг шинэчлэн тогтоож буюу нэмэгдүүлж, цэцийн гишүүний төрийн албан хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг шинэчиллээ.

Үүнээс гадна өнөөдрийн хуралдаанаар 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг баталсан юм. 

Хуралдааны төгсгөлд “Оффшорын хууль” гэгдэж буй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжсэн юм. Өөрөөр хэлбэл сонгогддог буюу томилдогддог, ХОМ мэдүүлдэг албан тушаалтнуудад ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа оффшор бүсэд данс эзэмших, мөнгө байршуулахыг хориглох зохицуулалттай хуулийг УИХ-аар хэлэлцэх нь зөв гэж үзлээ.

Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөсөн юм. 

Н.Гантуяа

相关新闻