Гэр бүлийнхээ нэр дээр оффшорт данстай нь тогтоогдвол Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр “Оффшорын хууль” гэгдэж буй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Засгийн газраас 10 дугаар сарын 7-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслөөр хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/ бөглөдөг, нийтийн төлөө ажилладаг, томилогддог болон сонгогддог албан тушаалтнуудыг гадаад улсад өөрийн нэр дээр данстай байхыг хориглох агуулгатай зохицуулалт орж ирж байгаа юм. Мөн хэрэв оффшор бүсэд данстай эсхүл компанитай хүн төрийн албанд орох сонирхолтой бол үүнийгээ биечлэн хуулийн байгууллагуудад мэдэгдээд, 3 сарын дотор зөрчлөө арилгаад орж болно. Одоо оффшор бүсэд данс эзэмшиж байсан хүмүүсийн зөрчлийг арилгаж, хууль хэрэгжиж эхэлснээс хойш төрийн албанд орсон хүн оффшор бүсэд данс нээвэл төрд ажиллах эрхийг бүх насаар нь хасна. Мөн оффшор бүс дэх хөрөнгийг нь судалж, хураах зэргээр хариуцлага хүлээлгэнэ гэх мэт зохицуулалт туссан.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзсэн. Мөн хуулийн бэлтгэл ханган, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатараар ахлуулан байгуулсан юм.
Ингээд уг хуулийн төслийн талаар гишүүд Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсныг тоймлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн Н.Лүндээжанцан:
-Энэ бол чухал асуудал. Хууль байхгүйгээс нэг талаас зарим нь ашигладаг, нөгөө талаас хохирдог. Гэхдээ өргөн мэдүүлэхдээ судалгаа хэр хийсэн юм бэ. Дүйвээнээр оруулж хэлэлцүүлж болохгүй. Судалгаатай байх шаардлагатай. Гадаадад байдаг зүйлийг байхгүй гэж хуульчилж болохгүй харин төрийн алба хаагч, сонгогдог томилогддог тэнд данс нээлгэж татвараас зугтааж болзошгүй. Гадаадад ямар зохицуулалттай вэ. Судалгааг оруулж ирвэл шийдэхэд дөхөм болно.
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:
-Оффшортой холбоотой асуудал 2013 оны намраас монголчуудын анхаарлыг татаж эхэлсэн. Тухайн үед УИХ-ын дэд дарга С.Баярцогт гадаад дахь оффшор дансанд 1 сая ам.доллартай гэсэн асуудал гарч ирсэн. Үүнтэй холбоотой УИХ-ын Тамгын газар, нэр бүхий гишүүдээс захиалга өгч судалгаа хийж байсан. Олон улс оронд, тухайлбал Виржина, Бирмуд, Керм гэх мэт газар оффшор бүс байрладаг. 1990-2015 оны хугацаанд Монгол Улсад 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт 10.8 тэрбум оффшор бүсийн улс орноос орж ирсэн. Гадаадын 110 орны 13000 гадны ААН манайд үйл ажиллагаа явуулж байгаагаас 913 нь оффшор бүсээс үйл ажиллагаа явуулж байна. Үүнд “Оюутолгой”, “Энержи Ресурс”, “Хүннү калл” гэх мэт.
Улс төрч, бизнес эрхлэгчдийг зайлшгүй ангилах ёстой. Эс бөгөөс оффшор бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа бизнесмэнүүдийг хууль бус гэж хохироож байна. Эдгээр хүмүүс хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг болох хэрэгтэй. Харин ХОМ мэдүүлдэг албан хаагчид оффшор бүсэд данс байгуулж хууль бусаар хөрөнгөжсөн хөрөнгөө нуудаг. Ийм учраас заавал хуульчлах ёстой гэж үзэж байна. Зохицуулалтын хувьд гэхэд Франц улсад 25,0 евро торгох, хорих цагдах гэх мэт харуицлага байдаг.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Оффшорыг зөв гэж ойлгуулах тархи угаалт байна. Оффшор бол улс төрчид хөрөнгөө нуудаг, бизнесмэнүүд цэвэр татвараас зугтаадаг зүйл. Яагаад ингэж татвараас зугтагсдыг хуульчлах гэж байгаа юм бэ. Оффшорыг хориглох биш хүлээн зөвшөөрөх хууль байна. Ямар ч улс төрч оффшорт данс нээж үйл ажиллагаа явуулдаггүй. Дандаа ойр тойрны хүнийхээ нэр дээр нээлгэдэг. Тиймээс тэр хүрээллийг хамруулах боломж байна уу? Энэ төсөлд өмнө нь данс нээлгэж болно гэж хуульчлахаар орж ирсэн байна. Энд хугацаа заах боломж байна уу?
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:
-ХОМ гаргадаг албан тушаалтнуудад хориглоно. Гадаад улсад үйл ажиллагаа явуулдаг хүмүүс яах аргагүй данс нээлгэдэг. Тийм учраас Монгол Улсад үйл ажиллага явуулдаг албан тушаалтнуудад хориглож гадаадад ажиллаж байгаа хүмүүсийг хориглохгүй. Оффшорыг дэмжих биш хориглож байгаа. Харин хамрах хүрээний хувьд иргэний эрхэд халдах учир хамруулах боломжгүй байна. Хэрэв албан тушаалтны гэр бүл оффшорт данс эзэмшиж байгаа нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх нь нээлттэй байгаа. Цаашдаа бол нарийн зохицуулалт хийнэ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа гадаадын дансанд өөрийн нэр дээр данс нээлгэх, үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж төсөлд тусгасан байна. Үүгээр өмнө нь данс нээсэн, хуулийн этгээд байгуулсан хүмүүсийг хамгаалах гээд байна. Зөвхөн алба хашиж байхдаа биш өмнө ч нээсэн бол хориглох хэрэгтэй.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр:
-Одоо мөрдөж байгаа хууль тогтоомжид энэ асуудал зохицуулагдаж байгаа. ХОМ мэдүүлэхдээ эдгээрийг бүрэн тусгадаг үүрэгтэй. Эрүүгийн хариуцлагын хүрээнд урьд нь гэмт хэрэгт тооцдоггүй байсан үйлдлийг хуулийг буцаан хэрэглэх зохицуулалт аль ч улсад байхгүй.
УИХ-ын гишүүн Г.Занданшатар:
-Оффшор данстай холбоотой асуудал бол хууль бусаар олсон орлогоо гадаадын дансанд нуун дарагдуулдагийг л хязгаарлахыг иргэд хүлээж байгаа. Гэхдээ хуулийн дагуу хориглосноор энэ асуудал цэгцрэх юм уу? Гадаадад ил тод мэдээлэхийг шаарддаг болохоос хуульчилж хориглодог зүйлс байдаггүй юм билээ. Ер нь нийтийн албыг үндсэн хуультайгаа холбож жигдлэх шаардлага байна. Үүнийг ажлын хэсэг судалж байна уу?
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:
-ХОМ гаргадаг албан тушаалтнуудыг гадаадад данс эзэмшихийг хориглосноор цэгцрэх эсэхийг асууж байна. Өнөөдөр ямар ч зохицуулалт байхгүй байна. Түрүүн Т.Аюурсайхан гишүүн оффшор хууль бус уу үгүй юу гэж асууж байсан. Гадаадад бол оффшорт үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг. Гэхдээ ХОМ мэдүүлдэг, нийтийн төлөө ажиллаж байгаа албан тушаалтнууд энд данс эзэмшиж, хөрөнгөө нууж болохгүй. Тиймээс хэрэв хуулийн заалт зөрчвөл эхний ээжинд холбогдох хуулийн харицлга, цаашлаад гэмт хэрэг гэж үзвэл Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх энэ хуулиар нээгдэнэ. Нийтийн төлөө ажилдаг албан хаагчид тодорхой хэмжээнд эрхээ хязгаарлуулах ёстой. Тиймээс гадаадад данс эзэмшихийг нь хориглоно.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Бизнес эрхлэгчид Монголоос олсон орлогоо татвар төлөхгүйгээр оффшорт аваачиж нууж байх шиг байна. “Панама пэйпирс”-ийн ачаар 50-иад оффшорчноо мэдэж авсан. МАН-ын 20 гаруй оффшорчин, АН-ын 1 хүн байгаа. Гэтэл энэ хуулиар өмнөх оффшорчдоо хариуцлага хүлээлгэхгүй орхиж, шинээр нээх хүмүүст хориг тавих гэж байна. Данстай нь илэрсэн хүмүүстээ яаж хариуцлага тооцох гэж байгаа юм бэ?
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:
-Хууль эргэж үйлчилдэггүй гэдэг зарчим байдаг. Гэхдээ Баярцогт гишүүний данс илэрсэн тэр үед энэ хуулийг хэлэлцээд баталсан бол 50-иад оффшорчин хариуцлага хүлээх боломжтой байсан. Харамсалтай нь 2013 онд илэрсэн асуудлыг шийдэхгүй явсаар өдийг хүрсэн. Одоо ч шийдэхгүй бол цаашид 500 ч болж нэмэгдэж магад. Тиймээс одоо заавал шийдвэрлэх шаардлагатай. 20:1 харьцаан дээр харин тантай санал нийлэхгүй байна.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
-Мэдээж өөрийн нэр дээр данс нээхгүй. Тиймээс гэр бүл ойр дотны хүмүүсийн нэр дээр нээж таарна. Заавал энэ талаар зохицуулалт оруулах ёстой. Учир нь хэрэв ингэж нээвэл гэмт хэрэг хамтран хийсэн гэсэн үг болно.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр:
-Гэр бүлийн хамаарал гэдгийг оруулж ирэх эсэхийг нэлээд ярьсан. Үндсэн хуульд нийцсэн хуулийн төсөл оруулж ирэх ёстой. Үндсэн хуульд гэм буруутны ял зэмлэлийг гэр бүлийн хүн, төрөл саданд нь халдаахыг хориглоно гэж заасан учраас энэ зохицуулалтыг тусгаагүй.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Засгийн газар харамсалтай нь хуулиа татаж авсангүй. Оффшорын эсрэг 50 гаруй орон нэгдсэн олон улсын гэрээ бий. Өмнө нь ийм асуудлаар хууль байгаагүй гэж ярьж батлуулна гэвэл буруу. Энэ хуулийг батлуулснаас хойш л хууль бус болно, өмнөх нь илэрсэн оффшор-чид өршөөгдөж байгаа мэт ингэж буруу тайлбарлаж болохгүй. Тэр илрээд байгаа 50 хүн хөрөнгө орлогынхоо тайлбарыг өгөх ёстой. Тийм учраас энэ хуулийн төслөө татаж авах, оффшорыг зөв зохицуулах, зөв хуулийн төсөл оруулж ирэх ёстой.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-Би Ажлын хэсгийг ахалсны хувьд судалгаа хийсэн. Оффшорын асуудлыг Европт гэхэд Ил тодын хуулиар зохицуулалт хийдэг. Урд, хойд хоёр хөрш гадаадад байршуулсан мөнгөө тодорхой хугацаанд оруулж ирвэл өршөөнө, бас хориглоно, хариуцлага тооцно гэдгээ нарийн болгосон. Оффшорын энэ асуудалд улс төржилтгүй ярих ёсгүй. Зохицуулалтыг маш их тодорхой хийхгүй бол хавтгайрсан хэлмэгдүүлэлт болох магадлал бий. Энэ хуулийн төслийг батлах нь зүйтэй.
Энэ мэт гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулж, олонхийг саналаар дэмжин, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Н.Гантуяа