Ирэх оны төсвийг 88.5 хувийн саналаар баталлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар ирэх оны төсвийг 88.5 хувийн саналаар баталлаа.
2017 оны төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6,160.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23,3 хувь, нийт зардал 8,568.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.3 хувь болж, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн алдагдал 2,408.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.1 хувь болж, Засгийн газраас өргөн барьсан төслөөс 0.8 хувиар буурсан аж. Мөн улсын төсвийн орлого, зарлагын өөрчлөлттэй уялдуулан Нийгмийн даатгалын сангийн орлогыг 10.6 тэрбум төгрөгөөр нэмэн 1,978.0 тэрбум төгрөг, тус сангийн зарлагыг 0.7 тэрбум төгрөгөөр бууруулан 1,877.4 тэрбум төгрөг байхаар тооцож, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан байна.
Үүний дараа ирэх төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асуух гишүүн байсангүй. Иймд дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Чуулганаар одоо төрийн дээд албан тушаалтан оффшор дансгүй байх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Б.Туул