Ч.Содномцэрэн: Сонгуулийг ирцийн босгогүй болгох санал хүргүүлсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-11-09 16:54:27

Сонгуулийн ерөнхий хорооноос өнгөрөгч 10 дугаар сард өрнөсөн Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн талаар болон бусад асуудлаар мэдээлэл хийлээ.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн орон нутгийн сонгуулийн үйл явц хуулийн дагуу болж өнгөрснийг онцлоод сонгууль дууссан учир тайлан хүлээн авах ажиллагаа эхэлснийг хэлэв. Нам эвслүүд сонгууль дууссанаас хойш 45 хоногт багтаан тайлангаа ирүүлэх шаардлагатай бөгөөд одоогоор 15 нам эвслээс 13 нь хуулийн хугацаанд өгчээ. Хэрэв хуульд заасан хугацаанд өгөхгүй бол дараагийн сонгуульд оролцуулахгүй байх арга хэмжээ авдаг. Түүнчлэн УИХ, аймаг, нийслэлийн сонгуулийн нам эвсэл, нэр дэвшигчийн хандивын тайланг Үндэсний аудитын газар хянан цахим хуудастаа ил тод мэдээлснийг СЕХ-ны дарга хэлж байв.

Тус хорооноос зохион байгуулсан гурван сонгуульдаа тулгуурлан хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар судалж, саналаа хүргүүлэхээр ажиллаж байгаа аж. Олон улсын байгууллагаас гаргасан ажиглалтын эцсийн тайланд 98 хувийн “сайн” дүгнэлт өгсөн ч цаашид хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход анхаарах зэрэг асуудлаар олон зөвлөмж өгснийг Ч.Содномцэрэн дарга хэлж байв. Ялангуяа сонгууль болохоос зургаан сарын дотор, сонгууль албан ёсоор зарлаад явж байхад хуулиа өөрчилсөн тохиолдолд шүүмжлэлтэй хандаж, үүнийг нарийвчлан хуульчлахыг зөвлөмжид тусгажээ. Тиймээс СЕХ-ноос хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн саналуудаа боловсруулж УИХ-д хүргүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Нэн тэргүүн Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, Сонгуулийн тухай хуулиар нэгтгэн зохицуулах бус тус бүрд нь салган, хуучин хэвээр нь явуулах хэрэгтэй гэж үзэж байгаа аж. Өнөөдөр Ерөнхийлөгч, УИХ, Аймаг, Нийслэл болон орон нутгийн сонгуулийн хуулиудыг нэгтгэн Сонгуулийн тухай хуулиар зохицуулж байгаа. Харин энэ нь сонгууль зохион байгуулахад төвөгтэй, зөрчилтэй байдал үүсгэжээ. Тийм учраас дээрх хуулиудыг салгаж батлах саналыг хүргүүлсэн байна.

Мөн ирцийн асуудал маш ихээр үүсч, сонгуулийг удаашруулж байгаа учир УИХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийг ирцийн босгогүй болгох саналыг СЕХ-ноос боловсруулжээ. Учир нь сонгуулийн санал хураалтад ирцийн босго тавьж, 50 хувьд хүрэхгүй бол нэмэлт санал хураалт явуулж байгаа. Гэтэл нэмэлт санал хураалт ирцийн босгогүй, ирсэнээр нь  тооцон дүн гаргаж байгаа нь хуулийн зөрчил гэж Ч.Содномцэрэн хэлэв. Тиймээс дээрх саналыг хүргүүлж буй бөгөөд харин Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас нааш Ерөнхийлөгчийн сонгуульд ирцийн босго хэвээр байх аж.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻