Н.Алтанхуяг: Ерөнхийлөгчид нэр дэвших нь миний хувийн шийдвэр

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-11-09 15:08:36

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших улс төрийн шийдвэр гаргаснаа өнөөдөр мэдэгдлээ.

Тэрбээр "Туушин" зочид буудалд энэ талаар мэдээлэл хийсэн бөгөөд ард түмнийхээ эрх ашгийн төлөө зүтгэхээ амалсан амлалтандаа хүрэхийн тулд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдсэн хэмээн мэдэгдэв.

Мэдээллийн эхэнд “Миний бие хоёр жилийн өмнө Ерөнхий сайдын ажлаа хүлээлгэж өгөх үед, дараа нь УИХ-ын сонгуулийн өмнөхөн ард түмэнд сэрэмжлүүлэн мэдэгдэж байсны дагуу улс төрийн үйл явдлууд өрнөж, нам дамнасан хуйвалдааны бүлэглэл сонгуулийн хууль тогтоомжийг өөрчилж, өөрсөддөө ашигтай байдлыг бий болгон, захиалгын УИХ-ыг бүрдүүлж, хуйвалдааны төрийг бэхжүүлэх ажлаа улам эрчимжүүллээ. Нэг тод жишээ нь нийт сонгогчдын 40 орчим хувийн санал авсан АН УИХ-д 10 гаруйхан хувь хүрэхгүй эзэлж байхад МАН УИХ-д 85 хувийг эзэлж байна. Ийм үнэмлэхүй эрх мэдэлд хүрсэн хуйвалдааны бүлэглэл ард түмэнд амласнаасаа буцаж, төрийн бүхий л салбарт хяналтаа тогтоох гэж мэрийж, эдийн засаг дахь өнгөтэй өөдтэй бүхнийг сорчлон залгиж, цөөнхийн ноёрхлыг он удаан жилээр хадгалж, мөнхөд засаглахаар санаархаж байна.  Шударга ёсыг сануулсан хүмүүсийг гутаан доромжилж, дайрч давшилж, үнэнийг эрх мэдэл мөнгөөр хаана гэж бардамнаж байна.

1911 онд Монголын цогтой тэмцэгчид, үндэс язгуураа хамгаалагчид жигүүрлэж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж авч байсан тэр цаг өнөөдөр дахин ирж байгааг би анхааруулж байна. Монголчууд явцуу эрх ашгаар нэгдсэн, нам дамнасан бүлэглэлийн хамаарлыг тас цохиж, Монгол төрийн хуйвалдагчдаас тусгаарлах, чөлөөлөх цаг ирсэн” гэв.

Ард түмний язгуур эрх ашгийг хамгаална гэж амалсан үгэндээ эзэн болж, бодит ажил болгохын тулд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдсэнээ тэрбээр мөн хэлээд улам бүр алдагдаж байгаа шударга ёс, хуулийн засаглалыг сэргээн тогтоож, Монголд нүүрлэсэн худал хуурмаг, дарангуйлал түрэмгийлэл, улс төрийн явцуу эрх ашигтай бүлэглэлийг нэн даруй таслан зогсоох шаардлагатай байна гэсэн юм.  

Мөн “16 жил тэмцэж босгосон ардчилал нуран унаж байна. Хуйвалдааны төр иргэдээ алагчилж, баялаг бүтээгчдээ дээрэмдэж, хуулийн байгууллагыг ил шулуухан ашиглаж байна. Хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн харж байгаа. Тэмцлээ өнөөдрөөс эхлье. Хуйвалдааны төрд битгий давар гэж дахин хэлье” гэв.

Мэдэгдлийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Таны энэ шийдвэр Ардчилсан намаас гаргасан шийдвэр мөн үү?

-Энэ бол миний хувь хүн, улс төрчийн шийдвэр.

-Намаасаа нэр дэвших үү, эсвэл бие даах уу?

-Хуулийн дагуу намаас нэр дэвшинэ.

-Нам дотроо өрсөлдөөн байх уу?

-Үүнийг тэр цаг үед шийднэ. Би өнөөдөр Монголын нийгмийн бодит байдлын талаар Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд мэдээлж байна. Манай Засгийн газраас хойш хийж байгаа ажлыг зүгээр харж сууж чадахгүй байгаа учраас энэ шийдвэрийг гаргалаа. Уг нь Ерөнхийлөгчид нэр дэвших талаар бодоогүй байсан. Улс орны нөхцөл байдал, увайгүй ажиллаж байгаа үйл ажиллагаа, хууль ёсыг гажуудуулдаг, бизнесийг дарамталдаг бүхнийг зүгээр  хараад сууж чадахгүй нь.  

-Таны эхнэрийн дансанд их хэмжээний мөнгө орсон тухай мэдээлэл гарсан. Энэ талаар тайлбар өгөөч?

-Эхнэр, хүүхэд эргэн тойрны асуудал бол бодитой зүйл байхгүй. Та бүхэн олон жил харж байгаа. Ерөнхий сайд байх үеэс огцруулахын тулд эхэлсэн тэр ажиллагааны үргэлжлэл явж байгаа. Одоо бас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй гэсэн том компанит ажлын өчүүхэн хэсэг явж байна.

-Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд ямар дүгнэлт өгч байна вэ?

-Байгуулагдаад багагүй хугацаа өнгөрсөн Засгийн газрын үйл ажиллагааг олон нийт дүгнэх байх. Миний хамгийн анхны дүгнэлт бол хэлсэндээ хүрдэггүй гэж харж байна.

-Хуйвалдааны төрийн эсрэг ажиллана гэлээ. Яаж ажиллах юм бэ? Мөн улсын орлого олдог том ААН-үүдийг өөрсдөө авах гэж байна гэснээ дэлгэрэнгүй тайлбарлаач?

-Оюутолгой, Тавантолгойн бусад томоохон ордууд гээд би олон удаа ярьж байсан. Миний хэлж байсан нэгээхэн жишээ бол Эрдэнэт. УИХ-д байхдаа би боломжийн хэрээр үгээ хэлж тэмцэж байсан. Тэд бохир арга хэрэглэж, манай Засгийн газрыг унагаасан. Унасан шалтгаан нь хоёр жилийн дараа харагдаж байгаа байх. Би Монголд ашиггүй, эх оронд ашиггүй олон зүйлийг эсэргүүцсэн, түүнийхээ шанд огцорсон. Хамгийн муу муухай ажлыг хийж байж огцруулсан. Үүний дараа Тавантолгой, Эрдэнэт, Оюутолгой, Ноён уул гээд маш олон асуудал гарсан.

-АН-ын шинэчлэлийн асуудал болон намын даргын хувьд та ямар байр суурьтай байгаа вэ?

-АН шинэчлэгдэж өөрчлөгдөх ёстой. Гэхдээ АН-ыг болон ардчиллын гол тулгуурыг хэн нурааж унагаасныг ойлголцох ёстой. Тэр чиглэлээр манай намынхан ажиллаж байх шиг байна. Зөвхөн дүрэм, гар хөл шинэчлэгдсэнээр шинэчлэл хийлээ гэж ойлгож болохгүй. Харин энэ намыг өөрийн гэсэн толгойтой, үзэл бодолтой, хэн нэгний утсан хүүхэлдэй болдоггүй хүмүүс гарч ирж удирдах ёстой гэж үзэж байна. Манай намынхан ч дэмжихгүй.

-Утсан хүүхэлдэй гэж хэнийг хэлж байгаа юм бэ?

-Хамгийн дээгүүр байдаг хүмүүс л доод хүмүүсээ хөдөлгөнө.

-Бондын мөнгөтэй холбоотой асуудал их байна. Энэ талаар?

-Монгол Улс 1.5 тэрбум ам.долларын бондыг олон улсын зах зээлд босгосон. Үүгээр юу хийснийг олон түмэн харж байгаа. Сонгуульд өгсөн амлалтаа биелүүлэхийн төлөө ажиллахын оронд өмнөхөө үгүйсгэж, шоронд хийх байдлаар ажиллавал улс хөгжихгүй. Ард түмнийхээ төлөө 250 мянган төгрөгийн нүүрсийг 80 болгосон хүн шоронд орж байхад одоо цаашид юу ч ярих хэрэггүй болсон. Тийм учраас хуйвалдагчдаас, нийгмийг ийм болгож байгаа хүмүүсээс салж хагацах цаг болсон.

-Хуйвалдагчид гэж та хэнийг хэлээд байна вэ?

Хуйвалдагчид гэдэг бол нам дамнасан бүлэглэл. Сүүлдээ нам гэдэг бол бүлэглэлүүдийн өрсөлдөөн болдог газар байж болохгүй. Үүнийг хатуу санах хэрэгтэй.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

相关新闻