Хөгжлийн банкны зээл, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд дүгнэлт хийх саналыг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, нэг асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар Засгийн газраас 10 дугаар сарын 27-нд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Тогтоолын төслийн танилцуулгыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн хийсэн бөгөөд танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэлэхдээ үндсэн чиглэлд ерөнхий зүйл нэлээд байгааг анхаарч, тодорхой зүйлийг хариуцах эзэнтэй, хүрэх үр дүнтэй нь уялдуулж тусгах, хэрэгжүүлээгүй бол хариуцлага тооцдог байхад анхаарахыг хэлж байв. Мөн төрийн эрх мэдлийг тэнцвэржүүлж хуваарилалтыг боловсронгуй болгохтой уялдсан эрх зүйн өөрчлөлтүүд хийх асуудлыг судалж шийдвэрлэх, банк санхүүгийн болон барилгын салбар дахь монополь байдлыг арилгаж банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийх, гадны банк оруулж ирэх эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр Засгийн газар ойрын үед тодорхой шийдвэр гаргах шаардлагатай зэрэг санал хэлж байв.
Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Энхболд "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, урт хугацааны бодлого төлөвлөлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох судалгаа хийж, шаардлагатай бол төрийн холбогдох байгууллагын ажлын чиг үүрэг, хууль тогтоомжид өөрчлөлт оруулах", УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "төрийн эрх мэдлийн хуваарилалтыг төгөлдөржүүлэх чиглэлээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг судалж, бэлтгэл ажлыг хангах арга хэмжээ авах" гэсэн агуулгатай зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Батзориг "гадаадын банкны салбар, нэгж байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, мөн Хөгжлийн банкны зээл, үнэ тогтворжуулах хөтөлбөр зэрэг төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх" гэсэн агуулгаар үндсэн чиглэлийн төслийн холбогдох хэсгийн заалтыг өөрчлөх санал гаргасан нь дэмжигдсэн юм.
Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжиж, энэ талаархи санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ