Аймгийн төвийн хогийн цэгийн “хаяаг шуув”
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬАймгийн төвийн хогийн төвлөрсөн цэг Мандалговь хотын төвтэй хаяа дэрлэн хүрээгээ тэлсээр байдаг. Энэ талбайг хариуцан ажилладаг “Дундговь- Ус” ОНӨҮГ хогийн цэгийн хаяаг шууж, эмх замбараагүй хаягдсан хогийг түрж цэгцэлжээ. Жил бүр ингэж цэгцлэх шаардлагатай байдаг ч хуучирсан машин техникийнх нь хүчин чадал хүрэхээ больжээ.
Хогийн цэгт том нүх ухсан байдаг бөгөөд хог ачигч машин нэг замаар явж нүхэнд хогоо асгадаг байна. Гэтэл үүний хажуугаар зарим иргэд өөрийн унаа машинаар хог ачиж авчирна. Ингэхдээ хогоо нүхэнд хүргэлгүй захлан асгадагаас ийнхүү хогийн цэгт эмх замбараагүй овоолго үүсдэг ажээ.
Хогийн цэгт харуул ажиллуулж, хог тээвэрлэн ирж байгаа иргэдэд шаардлага тавьдаг боловч машины дугуй хагарчихна гэсэн болгоомжлолоор хогоо захлан асгачихаад явдаг. Тэднээс хураамж авах гэхээр хураамжаас зугатаж хаа хамаагүй гуу жалганд хогоо асгадаг байдал үүсэхээс болгоомжилдог тухай “Дундговь-Ус” ОНӨҮГ-ын дарга Б.Отгонтөгс хэлсэн юм.
Жил бүр ингэж хогийг нүх рүү түрж цэгцлэхэд шатахуунаас гадна түрээсийн техник ашигладаг тул багагүй зардал гардаг байна. Олон жил ашиглаж ирсэн машин техник нь хуучирч, хүчин чадал нь хүрэхээ больсныг аймаг орон нутаг ч анхаарах хэрэгтэй байгаа байгаа гэлээ.
Мандалговийн хогийн цэг ахуйн болон барилгын хог хаягдлын талбайтай. Эдгээр нь нийтдээ 12 орчим га талбай эзэлдэг ажээ.
Т. Отгонтуяа