Сирийн Ракка хотыг чөлөөлөх ажиллагаа эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМРАККА./KAZINFORM/. Сирийн хойд нутгийн Ракка хотыг чөлөөлөх ажиллагааг курдууд тэргүүтэй Сирийн хүчнийхэн явуулж эхэлжээ. “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийнхэн тус хотыг өөрсдийн байгуулсан лалын халифт улсынхаа нийслэл гэж зарласан юм.
АНУ тэргүүтэй эвслийн дэмжлэгтэйгээр Сирийн хойд нутгийн Айн-Исса хотыг чөлөөлсөн гэдгээ Сирийн ардчилсан хүчнийхэн ням гарагт мэдэгдээд "Ракка хотыг чөлөөлөх ажиллагаанд Курд, Арабын улсууд, Туркийн хүчнийхэн болон бусад цэргүүд оролцож байна" гэжээ.
“Лалын улс” бүлэглэл Сири болон Иракийн нутаг дэвсгэрээс булаан эзэлсэн газартаа лалын халифт улс байгуулж, Ракка-г нийслэл хот болгосноо 2014 оны зургадугаар сард зарласан юм.
Раккагаас гадна босогчдын гол түшиц газар болоод байгаа хөрш Иракийн хоёр дахь том хот болох Мосулыг чөлөөлөх нь “Лалын улс”-ыг даран сөнөөхөд ихээхэн түлхэц болох юм.
“Лалын улс”-ын эсрэг хүчнийхэн нэгдсэн фронт байгуулаагүй учир Раккаг чөлөөлөх ажиллагаа нь Мосулыг чөлөөлөхөөс илүү хүнд нөхцөлд болж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.
Г.Доржханд