ДУНДГОВЬ: “Цөлжилттэй тэмцэхэд залуусын оролцоо” үндэсний форумаар бэлчээрт ээлтэй мал аж ахуйн талаар санал солилцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
sarantsetseg@montsame.mn
2025-06-16 17:28:57

Мандалговь, 2025 оны зургаадугаар сарын 16. /МОНЦАМЭ/ Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Дэлхий нийтээр энэ өдрийг Газрыг сэргээцгээе, боломжуудаа нээцгээе" уриан дор тэмдэглэж байна.  

 

Монгол Улсын Засгийн газар 2026 онд зохион байгуулах цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал /СОP17/ бэлтгэл ажлын хүрээнд НҮБ-ын суурин зохицуулагчийн газартай хамтран “Цөлжилттэй тэмцэхэд залуусын оролцоо” сэдэвт үндэсний форумыг Дундговь аймагт зохион байгуулж байна.


Нээлтийн үйл ажиллагаанд Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун оролцож, газар нутгийн цөлжилт, газрын доройтлын сөрөг нөлөөг онцлон тэмдэглэж, говийн бүсийн онцлогт тохирсон шийдэл, хамтын ажиллагааны ач холбогдлыг дурдав. Харин COP17 бага хурлын бэлтгэл ажлын албаны дарга, Тусгай үүрэгт элчин сайд Н.Чимгүүндарь ирэх жил болох бага хуралд монгол залуусын оролцоог нэн чухал болохыг илэрхийллээ.


Энэ удаагийн форумд Дундговь аймгийн малчин залуус түлхүү оролцож байгаагаараа онцлог болж байна. Тэд форумд оролцож нутаг орныхоо бэлчээр, ундны ус, цөлжилтийн тухай тулгамдаж буй асуудлыг хөндөж ярихын зэрэгцээ өөрсдийн туршлагаа хуваалцаж, цаашид өөр өөрсдийн орон нутагтаа залуус хэрхэн цөлжилтийн эсрэг хамтран ажиллах, залуучууд гар нийлэн тэмцэх тухай ярилаа. Цөлжилт бол аюул биш харин шинэ боломж нээх эхлэл юм хэмээн тэд үзэж боломжийг ашиглан ажиллана гэдгээ илэрхийллээ.


Энэ үеэр НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиерден хэлсэн үгэндээ, “Монголчууд газар нутаг, бэлчээр усаа хамгаалах олон зууны арвин их туршлагатай. Монголчууд нүүдлийн мал аж ахуйн уламжлалт мэдлэгийг тээж ирсэн. Ирэх жил болох COP17 бага хурал нь Монгол Улс энэхүү арвин туршлага, уламжлалдаа түшиглэн газраа нөхөн сэргээх, байгалиа хамгаалах сайн туршлагаа дэлхий дахинд таниулах таатай боломжийг нээж байна” хэмээн онцлов.


“Цөлжилттэй тэмцэхэд залуусын оролцоо” үндэсний форум нь залуу малчид, шинжлэх ухааны салбарын төлөөлөл, байгаль орчны манлайлагчдыг нэгтгэн, газрын доройтлыг бууруулах, бэлчээр хамгааллын зохистой шийдэл, арга туршлагаа солилцох, харилцан суралцах боломжийг бүрдүүлсэн юм.


Монгол Улсын газар нутгийн 76.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртөөд байгаа энэ үед газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх зорилготой олон улсын болон үндэсний түвшний хөтөлбөр, үйл ажиллагааг шат дараатай хэрэгжүүлж байна. Ийнхүү НҮБ, Байгаль орчны яам, иргэдийн хамтын оролцоотойгоор Ногоон Дундговь-ийг хамтдаа бүтээцгээе уриалгад нэгдэн ажиллах юм.

 Д.Адьяасүрэн

相关新闻