“Оюутан цэрэг” сургалт эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас “Оюутан цэрэг” сургалтыг 10 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.
2014 оноос эхэлсэн энэхүү сургалт цар тахлын улмаас дундаа тасалдсан ч жил бүр оюутан залууст цэргийн мэргэжил олгох сургалтыг тасралтгүй зохион байгуулж байна. Энэ жил шинэчилсэн “Оюутан цэрэг” сургалтын журмаар зохион байгуулж байгаа бөгөөд 1-3 хүртэлх дамжааны оюутан, суралцагч нар хамрагдаж буйгаараа онцлог юм.
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийнхний хувьд Зэвсэгт хүчний 10 гаруй ангид оюутан цэргүүдийг хүлээн авч, цэргийн мэргэжил олгох сургалтыг албан ёсоор эхлүүлээд байгаа аж.
Мөн Зэвсэгт хүчний 014, 120, 326 дугаар ангиуд анхны оюутан цэргүүдээ хүлээн авсан бол Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Орхон, Ховд, Төв, Дорноговь аймагт харьяа ангиудынхаа Сургалтын төвийг түшиглэн бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулах юм.
“Оюутан цэрэг” хөтөлбөр нь залуу үеийг эх оронч хүмүүжилтэй, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулсаар иржээ.