Ли Көцян: ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагаа дэлхийн эдийн засгийг сэргээхэд чухал ач холбогдолтой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-11-07 09:37:41

БЭЭЖИН. /TASS/. 20-ийн бүлэг, Ази Номхон далайн хамтын ажиллагааны байгууллага /АПЕК/, БРИКС зэрэг олон улсын байгууллагуудын хүрээн дэх БНХАУ-ОХУ-ын хамтын ажиллагаа дэлхийн эдийн засгийг сэргээхэд чухал үүрэгтэй гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян мэдэгдэв.

20-ийн бүлэг, АПЕК, БРИКС болон бусад олон улсын байгууллагын хүрээн дэх хоёр улсын хамтын ажиллагаа нь дэлхийн эдийн засгийг сэргээх, дэлхийн эдийн засгийн менежментийг сайжруулах, инновацид суурилсан, харилцан хамааралтай, хүртээмжтэй дэлхийн эдийн засгийг бий болгоход чухал үүрэгтэй гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг зохицуулахын тулд БНХАУ, ОХУ-ын гаргаж буй хүчин чармайлтыг дурдаад, хоёр улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүний хувиар НҮБ-ын дүрэм болоод олон улсын харилцааны үндсэн зарчмууд, зорилгыг дэмжих, олон улс болон бүс нутагт тулгамдсан асуудлуудыг зохицуулах улс төрийн шийдлийг олох, дэлхий дахинд илүү их шударга, тэнцвэртэй байдлыг бий болгохын төлөө ажилладаг гэж хэллээ.

Тэрбээр ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар өнөөдөр Оросын хоёр дахь том хот болох Санкт-Петербургт хэлэлцээ хийх ажээ. Хэлэлцээнд Оросын талаас Ерөнхий сайдын орлогч, сайд нар болон “РЖД”, “Роснефть”, “Газпром”, “Росатом” зэрэг компаниудын гүйцэтгэх захирлууд оролцоно.

Хэлэлцээний үеэр хэд хэдэн баримт бичгийг батлах төлөвтэй байна. Түүнчлэн хоёр орны ерөнхий сайд нар "ОХУ дахь Хятадын уран зохиолын арван бүтээл, БНХАУ дахь Оросын уран зохиолын арван бүтээл" гэдэг хамтарсан төслийн үр дүнг танилцуулах арга хэмжээнд оролцох ажээ. Энэ төслийг ОХУ-ын “ТАСС” агентлаг болон Хятадын “Guangming Ribao” сонин "Орос-Хятадын хэвлэл мэдээллийн жил"-ийн хүрээнд хэрэгжүүлсэн байна.

Д.Нямтулга

 

 

相关新闻