“Switch 2” хамгийн хурдан борлогдсон консоль болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Японы “Nintendo” компанийн “Switch 2” консоль тоглоомыг өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт худалдаанд гаргасны дараа эхний дөрвөн өдрийн дотор 3.5 сая гаруй ширхэг зарагдсанаар тус компанийн хамгийн хурдан борлогдсон консоль болжээ.
Ирэх гуравдугаар сард дуусах санхүүгийн жилд “Switch 2”-ын борлуулалт 15 саяд хүрнэ гэж Киото хотод төвтэй “Nintendo” компани өнгөрсөн сард таамаглаж байсан юм.
“Дэлхийн өнцөг булан бүр дэх хэрэглэгчид маань “Switch 2”-ыг гэртээ болон гадуур явж байхдаа тоглоом тоглох шинэлэг төхөөрөмж хэмээн үзэж байна” гэж “Nintendo”-гийн Америк дахь салбарын ерөнхийлөгч бөгөөд үйл ажиллагаа хариуцсан захирал Даг Баузер мэдэгджээ.
2017 онд худалдаанд гаргасан “Nintendo” компанийн “Switch” консоль 152 сая ширхэг борлогдоод байгаа юм. Харин энэ сарын 5-нд худалдаанд гарсан хоёр дахь үеийн хувилбарын хувьд өмнөхтэйгээ ижил төстэй зүйлс олонтой боловч илүү том дэлгэц, сайжруулсан графикийг хэрэглэгчдэд санал болгож байгаа ажээ.