С.Санчир: Төгсөгчдийнхөө 81.6 хувийг ажлын байраар хангасан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Боловсролын яамны харьяа, Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллеж төгсөгчдийнхөө эрдмийн баярыг зохион байгуулж, дипломыг нь гардуулж байна. Аймгийн төдийгүй бүс нутгийн хэмжээнд боловсрол олгох, мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулан ажиллаж байгаа тус сургуулийн захирал С.Санчиртай ярилцлаа.
-Политехникийн коллежийг энэ жил хэдэн мэргэжлээр хэчнээн оюутан төгсөж байна вэ?
-Боловсролын яамны харьяа, Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллеж нь анх 1974
онд Усны аж ахуйн техник мэргэжлийн сургууль нэртэй байгуулагдсанаас хойш
тасралтгүй 51 жил сургалтын үйл ажиллагаа явуулж ирлээ. Энэ хугацаанд бакалавр,
дипломын болон мэргэжлийн боловсролоор 23 мянга гаруй суралцагчийг төгсгөж,
хөдөлмөрийн зах зээлд манлайлагч мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэн гаргаад
байна.
2024-2025 оны хичээлийн жилд өвлийн
төгсөлтөөр Мэргэжлийн боловсрол сургалтын гурван жилтэй
ангийг 12 мэргэжлээр 230 суралцагч, хаврын
төгсөлтөөр нэг жилтэй
ангийг 10 мэргэжлээр 251 төгсөгч, Техникийн боловсрол олгох сургалтын 1.5 жилтэй ангийг гурван мэргэжлээр 53
төгсөгч, нийт 25 мэргэжлээр 534 суралцагчийг төгсгөлөө.
Энэ хичээлийн жилд нэг жилтэй ангид 380, гурван жилтэй ангид 701, Техникийн боловсрол олгох ангид 163, богино хугацааны сургалтаар 65 суралцагч сурч, нийт 1309 хүүхэдтэйгээр хичээлийн жилээ дуусгаж байна.
-Төгсөгчдөө ажлын байраар хангах зуучлах тал дээр яаж ажилладаг вэ?
-Нийгмийн түншлэлийн хүрээнд 166 түншлэгч аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах
гэрээ байгуулж, төгсөгчдийг
ажилд зуучлах, үйлдвэрлэлийн дадлага хийлгэдэг. Тэдгээрийн 30-40
хувь нь дадлага хийх хугацаандаа ажлын байртай болдог. Төгсөгчдийг идэвхтэй ажил
хайгчаар хөдөлмөрийн биржид бүртгүүлж, аж ахуйн нэгжийн захиалгаар ажлын байранд
зуучлан ажиллаж байна.
Судалгаагаар манай төгсөгчдийн 81.6 хувь нь ажлын байраар хангагдаж, улсын дунджаас 20 орчим хувийн дээгүүр үзүүлэлттэй байгаа.
-Энэ хичээлийн жилд нэвтрүүлсэн бодлого шийдвэр, онцлог ажлуудын талаар?
-Бид өнгөрсөн жилийн ололт, амжилтуудаа бататган Монгол Улсын урт, богино
хугацааны бодлогууд, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, аймгаас баталсан
бодлого, шийдвэр, хөтөлбөрүүдийг хангахад идэвх санаачилгатай ажиллаж байгаа.
Өнгөрсөн хичээлийн жилд чадамжид
суурилсан сургалтын хөтөлбөрт эко, энтерпренерийн боловсрол олгох зорилгоор сургалтын
хөтөлбөрөө шинэчилж, эрэлттэй
тэргүүлэх чиглэлийн хөтөлбөрүүдэд хөндлөнгийн чанарын баталгаажилт хийлгэхээр
зорьж ажиллалаа.
Олон улсын “Эко сургууль” хөтөлбөрт хамрагдан мөнгөн гэрэгэ авч, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр байгууллагаа гурав дахь удаагаа таван жилээр магадлан итгэмжлүүлж, байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээнд анх удаа хамрагдан улсын хэмжээнд нэгт эрэмбэлэгдсэн дөрвөн сургуулийн нэг боллоо.
Мөн багшлах боловсон хүчнийг ажлын байранд нь хөгжүүлэх, суралцагчдын хөгжил хамгааллын бодлогыг шинэчлэн боловсруулж, өөрсдийнх нь оролцоог түлхүү дэмжих бодлого барьж ажилласан.
-Ирэх хичээлийн жилийн элсэлт эхэлсэн үү, хэчнээн оюутан элсүүлэх вэ?
-Элсэлтийн үйл ажиллагааг 4 дүгээр сараас эхлүүлж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд хангайн бүсийн хөгжлийн бодлого чиглэлтэй уялдуулан ирэх хичээлийн жилийн элсэлтийн бодлого чиглэлээ тодорхойлон хөдөө аж ахуй, үйлчилгээний чиглэлийн мэргэжлүүдээр түлхүү сургахаар 760 элсэгчийг элсүүлэх саналыг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүллээ.
-Сургуулийн гадаад харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлж байна вэ?
-Гадаад харилцаагаа өргөжүүлэх тал дээр сүүлийн жилүүдэд анхааран ажиллаж
байна. БНСУ-ын “Кёнг ин” их сургуультай “Мэдээллийн технологи, техник
хангамж” мэргэжлээр 3+1 хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлууд хангагдсан
байна.
Мөн Франц Улсын Алеир мужийн Вешин хотын IFI03 коллежтой багш, суралцагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр эхний нэг багшийг явуулан туршлага судлууллаа. БНХАУ-ын Гүйжөү хотын Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургуультай хамтран ажиллах санамж бичгийг байгуулан ажиллалаа. Япон улсад дадлагажигч ажилтан илгээх хөтөлбөрийг хэрэгжүүлж, 10 гаруй оюутан Японы томоохон хотуудад дадлагажих ажилтнаар хөдөлмөр эрхэлж, цалинжихаас гадна орчин үеийн техник технологиос суралцаж байна.