УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-11-04 21:21:45

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, тогтоолын төслийн талаар Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцууллаа.

Энэхүү тогтоолын төсөл нийт 5 бүлэг, 17 зорилттой, 104 бодлогын арга хэмжээг тусгасан ажээ. Ингэхдээ зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцан хэрэгжүүлэх байгууллагыг тусгасан байна. Үндсэн чиглэлийн төсөлд бодлогын зорилт, арга хэмжээг тусгахдаа улсын төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан 104 арга хэмжээний хүрээнд нийтдээ 5.3 их наяд төгрөгийг санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр 327.6 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 825.2 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 4.1 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээс 104 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөсөн гэж төсөл санаачлагчид үзэж байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт, асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүдийн хувьд 2017 онд мөнгөний хатуу бодлогыг зөөлрүүлэх эсэх, төрийн өмчит аж ахуй нэгжийг ашигтай ажиллуулахад ямар арга хэмжээ авах, цаашлаад төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг худалдах үнийг тогтоохдоо нарийн судлагаа хийснийг, Улаанбаатар хотын ундны усны хүрэлцээг сайжруулах, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад ямар бодлого барьж ажиллаж байгааг, сургуулийн өмнөх боловсролын хүртээмж 2017 онд хэр ахиц гарахыг тодруулж байлаа.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн 2017 онд эдийн засгийн хамгийн хүнд үеийг бид даван туулна. Тиймээс Монгол банкнаас мөнгөний бодлогоо зөөлрүүлэх арга байхгүйг та бүхэн ойлгох хэрэгтэй. Төрийн өмчит хувьцаат компанийн алдагдлыг бууруулж ашигтай ажиллах талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар шуурхай ажиллаж байгаа.Хувьчлах компаниудыг тухайн үнийн саналаар нь худалдахгүй. Харин нээлттэй дуудлага худалдаа зарлаад өндөр үнэ, хамгийн сайн нөхцөлтэй, менежмент хийх компанид худалдах болно. Сургуулийн өмнөх боловсролын тухайд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд 2020 он гэхэд бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар төлөвлөн ажиллаж байна. 2017 он гэхэд ерөнхий боловсролын гурван ээлжээр ажиллаж байгаа сургуулийг хоёр ээлжид шилжүүлэхээр холбогдох яамдад чиглэл өгч ажиллаж байна гэж хариулсан юм.

Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны төсвийн орлого бага, зарлага нь их байгаа. Ирэх оны төсвийн орлого бага байгаа нь орлогын хэмжээ буурсантай холбоотой. Уг нь төсвийн урсгал зардлыг хассан. Гэвч төсвийн зарлага их байгаа нь өндөр хүүтэй зээлийн хүү, концессын гэрээ зэрэг хөрөнгийн зээл, зээлийн үйлчилгээний зардалтай холбоотой. Улаанбаатар хотын ундны усны хангамжийн асуудалд АНУ-ын Мянганы сорилтын сангийн санхүүжилтийг 100 хувь зориулж ажиллахаар болсон. Ундны уснаас гадна цэвэрлэх байгууламжийн асуудлыг давхар шийдэх шаардлагатай байгаа юм. Учир нь өнөөдрийг хүртэл ундны усыг үйлчилгээндээ ашиглаж байна. Тиймээс цэвэрлэх байгууламж нь усаа цэвэршүүлээд үйлчилгээний зориулалтад саарал ус нийлүүлэх, өндөр техник технологийг нэвтрүүлэх цаг болсон. Цэвэрлэх байгууламжийг концессын гэрээгээр барих тендерийг зарлана. Харин нийслэлийн агаарын бохирдлыг утаагүй зуух, түлш зэргээр бууруулж чадахгүй. Тиймээс Барилга, хот байгуулалтын яаманд орон сууцжуулах чиглэл өгсөн. АСЕМ-ийн үеэр амласан БНХАУ-ын буцалтгүй тусламжийг нийслэлийн 70-80 га газар буюу 1000 айлын газрыг чөлөөлөхөд зориулахаар төлөвлөсөн. Чөлөөлсөн газраа тендерт шалгарсан барилгын компаниуддаа шилжүүлнэ. Тиймээс иргэд чөлөөлсөн газрынхаа оронд орон сууцтай болох боломжийг олгоно гэж хариулж байлаа. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 83.3 хувь нь дэмжлээ. Уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлэв.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёрдугаар хэлэлцүүлэгтэй холбогдуулан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажилллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Прокурорын байгууллагын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хэлэлцэж байгаа асуудлаар үг хэлэх, саналаа илэрхийлэх гишүүн байгаагүй тул 10 хууль, гурван тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөв. 

Н.Гантуяа

相关新闻