“1 төгрөг” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-02 13:16:20

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсад үндэсний мөнгөн тэмдэгт “төгрөг”-ийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойг тохиолдуулан Монголбанкаас “1 төгрөг” 1 унцын алт, мөнгөн дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа.


Одоогоос 100 жилийн тэртээ буюу 1925 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 900 сорьцтой цагаан мөнгө, 18 грамм жинтэй “1 төгрөг”-ийн зоосон болон 7 төрлийн цаасан мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргасан түүхтэй. Энэ ойг тохиолдуулан “1 төгрөг” дурсгалын зоосыг хэт өндөр  (smartminting ultra high relief) технологиор, 1 унц буюу 31.1 гр жинтэй, 33 мм диаметртай, 999.9 сорьцтой цагаан мөнгө, алтаар цутгаж худалдаанд гаргалаа. Мөн хүүхэд залууст мөнгөн тэмдэгтийн тухай мэдлэг мэдээлэл олгохоор төв банканд шинэ танхим нээж, мөнгөн тэмдэгтийн тоног төхөөрөмж, хэв, зоос, мөнгөний нууцлал, алтны жин, 1925 оны "Үнэн" сонин зэрэг эд зүйлсийг байрлуулсан аж.


Монгол Улсын төлбөрийн хэрэгслийн түүх нь эзэнт гүрний үед холбогдох Их, бага хаадын алт, мөнгө зэс зоос болон мөнгөн дэвсгэрт, XVII-XX  зууны эхэн үеийн оюуны болоод эдийн соёлын илэрхийлэл цай, ембүүгээс эхлэлтэй. Богд хааны зарлигаар 1912 онд "Бага болзоот" нэртэй улсын зээллэгээс 6 сарын хугацаатай гаргасан нь 1923 он хүртэл мөнгөн тэмдэгтийн үүргийг гүйцэтгэж байсан төдийгүй Ардын засгийн газраас монгол долларын дэвсгэрт буюу "Данзангийн доллар"-ыг 1921,1922 онд хэвлүүлж байжээ.


Аливаа үндэстний мөнгөн тэмдэгт нь тухайн улсын ёс заншил, бахархал, хөгжлийг өгүүлсэн байдаг бөгөөд санхүү, төлбөрийн хэрэгслийн түүхэнд чухал ач холбогдолтойг Монголбанк тодотгожээ.

相关新闻