ҮХЦ-ийн гишүүн, прокурорын цалинг нэмэх асуудлыг хэлэлцэхээ хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-11-04 15:59:52

“Прокурорын байгууллагын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” болон “Монгол Улсын Үндсэн Хуулийн  Цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр хийлээ.

Уг тогтоолын төслийг Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуультай хамт өргөн барьсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Эдгээр тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа ч тооцооллын талаар зарим зүйлийг тодруулах шаардлагатай байна. Тухайлбал, шүүгч нарын цалинг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор 2003 оноос хойш цалингийн нэмэгдлийг хассан. Харин дээрх тогтоолын хүрээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүд болон прокуроруудын үндсэн цалингийн хэмжээг нэмэгдүүлж байгаа. Үүн дээр цалингийн нэмэгдлээ тооцохоор дунджаар хэр хэмжээний цалин хөлс авахаар болж байна” гэв. Улсын Ерөнхий прокурорын туслах, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай үүнд “Прокурорууд онцгой нөхцлийн, зэрэг дэвийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл авдаг ба энэ нь үндсэн цалингийн 68 хувьтай тэнцэх хэмжээтэй байдаг” гэсэн бол Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Баянбилэг “Үндсэн хуулийн цэцийн гишүүд нь хуулийн дагуу төрийн тусгай албан хаагчид бөгөөд онцгой нөхцлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл болон докторын зэргийн нэмэгдэл авдаг” гэж хариулсан юм.

Хэлэлцүүлгийн явцад хуралдаанд оролцсон гишүүдийн саналын дагуу прокурор болон Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн цалинг нэмэгдүүлсэн нь шүүгчдийн цалинтай харьцуулсан байдлаар нарийвчилсан тооцоо, харьцуулсан мэдээлэл гаргасны эцэст хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, тооцооллыг нэгтгэх хүртэл тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлуулав.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Нямдорж нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 92.9 хувийн саналаар дэмжин, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Н.Туяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻