Францад хүүхдүүд цугларсан газарт тамхи татахыг хориглоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-05-30 12:13:24

ПАРИС, 2025 оны тавдугаар сарын 30 /AFP/. Далайн эрэг, цэцэрлэгт хүрээлэн, автобусны буудал гэх зэрэг хүүхдүүд байнга очдог газруудад тамхи татахыг хориглоно гэж Францын Эрүүл мэнд, гэр бүлийн сайд Катрин Вотрин пүрэв гарагт мэдэгджээ.


Хүүхэд байгаа газрууд тамхинаас ангид байх ёстой. Тамхи татах эрх чөлөө нь цэвэр агаараар амьсгалах хүүхдийн эрхээр хязгаарлагдана” гэж К.Вотрин “Ouest-France өдөр тутмын сонинд ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна.


Ирэх долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх энэхүү хориг далайн эрэг, цэцэрлэгт хүрээлэн, сургуулийн гаднах орчин, автобусны буудал, спортын тэмцээн уралдаан явагдаж буй газрууд гэх мэт хүүхдүүд цуглардаг бүх газрыг хамарна гэж тэрбээр хэлжээ.


Зөрчил гаргасан хүмүүст 135 евро /154 ам.доллар/ хүртэлх хэмжээний торгууль ногдуулах төлөвтэй байна. Харин кафены задгай талбай хязгаарлалтад багтахгүй, мөн электрон тамхинд хамаарахгүй гэж К.Вотрин хэлжээ.


Францад жил бүр 75 мянга орчим хүн тамхинаас үүдэлтэй өвчнөөр нас бардаг гэсэн тооцоо бий. Саяхан тус улсад явуулсан санал асуулгын дүнг үзвэл, 10 хүн тутмын зургаа нь /62 хувь/ олон нийтийн газар тамхи татахыг хориглохыг дэмжсэн байна. 



相关新闻