Г.Мягмарсүрэн: Хүүхдүүдийг хараад "Монгол руугаа аваад явахсан" гэж боддог байв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Завхан аймагт үйл ажиллагаа явуулж байгаа
Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн алба хаагчид 2007 оноос хойш энхийг сахиулах үйл
ажиллагаанд оролцжээ.
Өнөөдрийн
байдлаар нийт 450 гаруй алба хаагч энхийг сахиулах үйл
ажиллагаанд амжилттай оролцсон байна. Эдгээрээс хамгийн олон удаа
энхийг сахиулах ажиллагаанд оролцсон нь Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн Холбооны
ротын салааны ахлагч, ахлах ахлагч Ганбаатарын Мягмарсүрэн юм.
-Энхийг сахиулах
үйл ажиллагаанд хаана ямар үүрэг гүйцэтгэж байв?
-Анх 2013 онд Бельги улстай хамтарсан салаа, зургаадугаар ээлжид Афганистан улсад тогтвортой эрх чөлөө ажиллагаанд оролцож үүрэг гүйцэтгэсэн. 2019 онд ХБНГУ-тай хамтарсан цэргийн багийн 10 дугаар ээлжид үүрэг гүйцэтгэсэн. Хамгийн сүүлд 2023 онд НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны 13-р ээлжид үүрэг гүйцэтгээд ирсэн.
-Энхийг сахиулах ажиллагаанд
оролцох, тайван цагт үүрэг гүйцэтгэх хоёр ялгаатай юу?
-Эх орноо
төлөөлөн олон улсын, олон орны цэргүүдтэй хамтарч үүрэг гүйцэтгэх нь
сонирхолтой, хариуцлагатай нэр төрийн хэрэг юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний
шилдэг цэргүүдтэйгээ хамт үүрэг гүйцэтгэх бахархалтай шүү дээ. Олон орны
цэргүүдээс сурах, туршлага судлах боломжтой төдийгүй, өдөр тутмын бэлтгэл бэлэн
байдлаа газар дээр нь үзүүлж үүрэг гүйцэтгэдэг, илүү хариуцлагатай байхыг
шаарддаг. Бид тайван цагт үүрэг
гүйцэтгэхдээ байнгын бэлтгэл сургуулилалт хийдэг учраас халуун цэгт үүрэг
гүйцэтгэхэд нэг их хүндрэл гардаггүй. Бараг ялгаагүй дээ. Харин ч бэлтгэл сургуулилалтынхаа үр дүнг
харуулах, багаар ажиллах, улам илүү хариуцлагатай л байхыг цэрэг хүнээс
шаарддаг алба юм. Өөрийгөө дайчилж чадвал тэнд бүх юм нээлттэй, гадаад хэлтэй
бол илүү их зүйлийг сурах ч боломж байдаг. Гэхдээ үүрэг гүйцэтгэж байхдаа
орчуулагчаараа дамжуулаад олон зүйлийг сурч мэдэж туршлага суусан.
-Та гадаад хэлээр ярьдаг уу?
-Анх ажиллагаанд
үүрэг гүйцэтгэхээр явахдаа хэлний тухайд цагаан цаас шиг л хүн явж байсан, хоёр
дахь ажиллагаанд оролцохоор очихдоо бага сага англи хэлийг гадарладаг болж,
одоо бол ойлголцоод ярилцах хэмжээнд хүрсэн.
Манай улсын
зэвсэгт хүчний цэргийн алба өндөр түвшинд хөгжсөн нь үүрэг гүйцэтгэж байгаа
алба хаагчдын ур чадвар, хариуцлагатай байдлаас илт харагддаг хэлний тухайд.
-Олон удаагийн
энхийг сахиулах ажиллагаанд оролцох нь туршлагаждаг байх?
-Тэгэлгүй яах вэ.
Анх 2013 онд энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор явахдаа бэлтгэл сургуулилалт
сайн хэдий ч сандралтай байсан. Илүү туршлагатай ах нараасаа суралцах, цаанаас
өгч буй үүрэг даалгавраа л гүйцэтгэдэг байлаа. Хоёр дахь ажиллагаанд оролцохдоо
анхны үүрэг гүйцэтгэж байсан газартаа очсон болохоор хэзээний туршлага
суучихсан учраас хамт үүрэг гүйцэтгэж байгаа дүү нартаа зааж өгөх. Тухайн орон
нутгийн онцлог, иргэдтэй хэрхэн харилцах, үүрэг даалгавраа биелүүлэхдээ яаж
ажиллах гээд зааж өгдөг болсон шүү. Тиймээс ажиллагаа болгонд оролцоход туршлагатай болдог.
-Олон удаа үүрэг гүйцэтгээд, ямар ур чадварыг өөртөө бий болгов?
-Бид энхийг дэмжих ажиллагаанд оролцохдоо бие бялдар, эрүүл мэнд, дасгал сургуулилалт цэргийн сургуулийн маш сайн үнэлгээтэй байх ёстой. Олон шалгаруулалт, шалгалтыг өгч байж ажиллагаанд оролцдог. Өөрөөр хэлбэл туршлагатай шилдэг алба хаагч нар энхийг дэмжих ажиллагаанд сонгогдож оролцдог гэсэн үг.
Тиймээс цэргийн болоод бие бялдар, эрүүл мэндийн хувьд тэнцэж байгаа гэсэн үг. Харин хувь хүний хувьд олон чадварыг өөртөө бий болгосондоо баярладаг.
Мэдээж олон орны цэргүүдээс суралцсанаас гадна, хаана ч ямар ч нөхцөлд тухайн орон нутагт дасан зохицож амьдрах, хүнтэй харилцах чухал чадварыг бий болгосон гэж боддог. Монгол хүн ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай байдаг онцлогтой. Манай улс эрс тэс уур амьсгалтай болоод ч тэр үү бид халуун, хүйтэн цаг агаарт дорхноо дасан зохицдог, мөн их тэвчээртэй, хатуужилтай, хурдтай байж чаддаг.
Тухайн ажиллагаанд ямар үүрэг гүйцэтгэж байгаагаасаа шалтгаалаад тодорхой хэмжээний чадваруудыг суралцдаг. Сэтгэл зүйчээр үүрэг гүйцэтгэж байгаа бол цэргийн багийн сэтгэл зүйг хэрхэн яаж бэлтгэх үү гээд халуун цэгт арай өөр онцлогтой байдаг. Удирдах албан тушаал дээр явж байгаа бол бүтэн жилийн хугацаанд тэр хүмүүсээ яаж хариуцах вэ? Сэтгэл санаагаар нь унагачихгүй ажиллагааг яаж дуусгах уу гээд янз бүр л дээ. Миний хувьд эхний хоёр ажиллагаанд буудагч албан тушаалтай үүрэг гүйцэтгэсэн. Сүүлийн энхийг дэмжих ажиллагаанд тасгийн захирагч албан тушаал дээр үүрэг гүйцэтгэсэн. Илүү хариуцлагатай үүрэг гүйцэтгээд ирсэн.
-Анх ажиллагаанд
явах үедээ эмээж байсан уу?
-Цэрэг хүн үүрэг
л бол үүрэг гэж албаа гүйцэтгэдэг. Анхны ажиллагаанд явахдаа мэдээж бага зэрэг
эмээх, тэвдэж байсан. Анхны хоёр удаагийн ажиллагаа хурцадмал, халуун цэгт очиж
үүрэг гүйцэтгэж байснаараа онцлогтой. Гэхдээ яг тухайн газартаа очоод энгийн
цагт хийдэг байсан бэлтгэл, сургуулилалтынхаа дагуу үүргээ гүйцэтгээд
туршлагажаад, дадлагажаад ирэхээр ямар нэгэн хүндрэл гараагүй ээ. Хамгийн
сүүлийн ажиллагаанд явахдаа маш туршлагатай, хариуцлагатай ажиллахыг хичээгээд
ирсэн. Би үүргээ гүйцэтгэх ёстой гээд
л.
-Таны оролцсон
энхийг дэмжих ажиллагаануудаас хамгийн сэтгэлд үлдсэн нь?
-Бүх ажиллагаандаа хариуцлагатайгаар үүргээ гүйцэтгэсэн. Эхний хоёр ажиллагаа нь мөргөлдөөнтэй, хурцадмал халуун цэгт ажилласан. Манай баг шалган нэвтрүүлэх цэг, нисэх зурвасыг хариуцдаг байсан болохоор халдлагууд их болдог байв. Сүүлийн оролцсон ажиллагаа нь хүмүүнлэгийн ажиллагаа байсан, харуул хамгаалалт, цувааг хамгаалах гээд. Ар талд, илүү тайван нөхцөлд ч гэлээ Суданд нутгийн иргэдийнх нь амьдарч байгаа нөхцөл, нийгмийн байдал үнэхээр хэцүү, нүд халтирам байсан. Ард иргэд нь хогон дунд идэх хоолгүй амьдарч байгаа дүр зураг үнэхээр нүд халтирмаар.
Би өөрөө хоёр хүүтэй эцэг хүн болохоор ялангуяа бага насны хүүхдүүдийн нөхцөл байдал үнэхээр хэцүү харагддаг, өр өвдмөөр л. Хөгшин настай аав, ээж нар нь хүүхдүүдээ тэвэрчихсэн, хоол гуйна. Эд нарыг өлсгөчихгүй юм сан гээд л зарим үед өөрөөсөө илүүчилнэ, угаасаа хүмүүнлэгийн ажиллагаа болохоор бид хоол ус өгнө л дөө, гэсэн ч тэдэнд илүүчлэхсэн гэж байнга бодно, өөрийнхөө хэрэглэж байгаа уснаас ч илүүчилнэ. Ялангуяа жаахан хүүхдүүдийг "Болдог бол Монгол руугаа аваад явчих юмсан" гэж боддог байлаа. Хүүхэд бол гэгээхэн, цагаахан амьтад шүү дээ. Урдаас бүлтгэнээд л, хараад л байна, харц нь гунигтай, байгаа байдал нь үнэхээр өр өвтгөдөг.
-Энхийг сахиулах
болон дэмжих ажиллагаанд оролцох гэж байгаа алба хаагчдад юу гэж зөвлөх вэ?
-Мэдээж цэргийн үүргээ хариуцлагатай гүйцэтгээд эх орныхоо нэрийг өндөрт гаргаарай. Цэргийн бэлтгэл сургуулилалтаа илүү сайн хийгээрэй, эрүүл мэндээ анхаараарай, илүү хариуцлагатай үүргээ гүйцэтгээрэй гэж хэлмээр байна.
Хамгийн чухал нь гадаад хэлийг заавал сураарай, хэлтэй, цэргийн өндөр ур чадвартай бол хаана ч очсон хариуцлагатай үүрэг гүйцэтгэхэд боломжтой шүү гэж хэлмээр байна. Цэрэг хүн хаана, хэзээ дуудах цагт бэлтгэл бэлэн байдлаа хангах нь чухал гэдгийг манай алба хаагч нар мэднэ дээ.
Энэ ташрамд эх орноосоо хол үүрэг гүйцэтгэж яваа цэрэг хүний ар
талыг хариуцлагатай авч явж байсан гэр бүлийнхэндээ, ханьдаа баярлалаа. Мөн энхийг
дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бүх орчин нөхцөлөөр хангаж байсан Зэвсэгт
хүчний 325-р ангийн удирдлагууд, хамт
олондоо талархал илэрхийлье.
-Та дахин энхийг
сахиулах ажиллагаанд оролцох уу?
-Ажиллагаанд
оролцох боломжтой. Цэргийн албаны тухайн албан хаагч тэтгэвэрт гараагүй л бол
бүх эрх нээлттэй байдаг. Бие бялдар, сэтгэл зүй, цэргийн ур чадвараараа тэнцэж л
байвал дахин ажиллагаанд оролцох боломжтой.
-Танд баярлалаа.
Үүрэг гүйцэтгэж буй монгол цэргүүд
Судан улсад үүрэг гүйцэтгэж байхдаа нутгийн хүүхдүүдийн хамт
ХБНГУ-тай хамтарсан цэргийн багийн 10 дугаар ээлжид үүрэг гүйцэтгэв.
Баруун гар талаас эхнийх нь Ганбаатарын Мягмарсүрэн
Үүрэг гүйцэтгэж буй монгол цэргүүд баруун гар талаас хоёр дахь нь Ганбаатарын Мягмарсүрэн