Австрийн Засгийн газраас 40 сая еврогийн зээл авахаар болов
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2012 онд 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр амжилттай хэрэгжсэн. Энэхүү туршлага дээр үндэслэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Австри Улсын техник, технологийг нэвтрүүлэх 40 сая еврогийн “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг энэ оны 6 дугаар сарын 10-нд байгуулжээ.
Уг 40 сая еврогийн зээлийн хүү жилийн 0.0, хугацаа 18 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил байх юм. Олон улсын валютын сангийн аргачлалаар энэхүү зээлийн хөнгөлөлтийн түвшин 40.93 хувь байгаа бөгөөд манай улсын Өрийн удирдлагын тухай хуулиар нэн хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарч байгаа аж. Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2 жилийн хугацаатай байгуулах бөгөөд энэ хугацаанд хэрэгжүүлэх төслийг бүрэн тохиролцох шаардлагатай. Хөнгөлөлттэй зээлээр дэд бүтэц, орон нутгийн ус, эрүүл ахуй, хог хаягдал, бохир ус, замын хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр зам, боловсрол, техник, мэргэжлийн сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын төслүүдийг санхүүжүүлнэ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж үг хэлсэн гишүүдийн ихэнх нь төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, "Төслийг дэмжиж байна. Гэхдээ энд анхаарах нэг асуудал байна. Чадавхийг сайжруулах гэсэн заалт төсөл бүрт байдаг. Уг нь төрийн нэг эрдэнэ бол түшмэл. Мөнгө зараад мэргэжилтнүүдийнхээ чадавхийг нь дээшлүүлдэг. Гэтэл дараа нь нөгөө хүн нь халагдаад явчихдаг. Хэд дахиж солигдсоноор байтал яамдын чадавх хэр түвшинд очсон байдаг юм бол. Чадавхийг дээшлүүлэх нь зөв. Гэхдээ тогтвортой ажиллуулахад цаашид анхаараарай" хэмээв.
Б.Туул