“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн асуудлаар Ажлын хэсэг байгууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн асуудлаар Ажлын хэсэг байгууллаа.
Тус байнгын хороогоор 10 дугаар сарын 25-нд “ОХУ-ын Засгийн газар болон тус улсын "Ростех” корпорацийн "Эрдэнэт үйлдвэр” ХХК болон "Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдсан талаархи асуудлаар Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэн, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон нараас мэдээлэл авсан. Улмаар уг асуудлаар Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан ажиллах нь зүйтэй хэмээн үзсэн юм.
Дээрх шийдвэрийн дагуу өнөөдөр Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдээр ахлуулан, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганболд, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Ц.Нямдорж, Л.Энхболд нарыг томиллоо.
Түүнчлэн тус ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Үндэсний аудитын газар, Монголбанк, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гадаад харилцааны яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын холбогдох албан тушаалтнуудыг оролцуулах болов.
Гэхдээ ажлын хэсэг байгуулсан нь ОХУ-ын Засгийн газар болон тус улсын "Ростех” корпорацийн "Эрдэнэт үйлдвэр” ХХК болон "Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг дотоодын аж ахуйн нэгж худалдан авсантай холбоогүй, хамгийн гол нь Монгол Улсын Үндсэн хууль тэргүүтэй хэд хэдэн хуулийг зөрчсөн үйл явцыг нь шалгах нь чухал гэдгийг гишүүд онцлон тэмдэглэж байсан юм.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ