СЭЛЭНГЭ: Яаралтай үеийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх тэмцээн боллоо

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-26 11:16:54

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. “Цэнхэр кодоор тусламж үзүүлэхэд эмнэлгийн мэргэжилтний оролцоо” сэдэвт ажил мэргэжлийн ур чадварын тэмцээнийг өнгөрсөн баасан гарагт Сүхбаатар суманд зохион байгууллаа.

 

Тэмцээнд аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Мандал сумын Нэгдсэн эмнэлэг мөн таван бүсийн төр болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 8 багаас бүрдсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажил мэргэжлээрээ өрсөлдөж, мэргэжил мэдлэгээ сэргээн өрсөлдсөн байна.

 

Тэмцээний дүн гарахад Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн "Блю шейлд" баг тэргүүн байрт шалгарч, Сайхан сумын ЭМТ-ийн "Тамгагүй баатрууд" баг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн "Энжел" баг тус тус шалгарчээ.

 

Цэнхэр код гэдэг нь зүрх зогссон, ухаангүй, хариу үйлдэл үзүүлэхээ больсон аминд аюултай, яаралтай сэхээн амьдруулах шаардлагатай нөхцөл байдлыг эмнэлгийн орчинд хэрэглэдэг нэр томьёо юм.


Цэнхэр кодыг зарлахад шуурхай хариу арга хэмжээ авч, шаардлагатай бүх тоног төхөөрөмжөөр өвчтөний орны дэргэд очдог бөгөөд тодорхой дэс дарааллаар тусламж үзүүлдэг байна.

 

Тэмцээний шүүгчээр УГТЭ-ийн Сувилахуй эрхэлсэн дэд захирал Д.Тунгаамаа, УГТЭ-ийн Эмнэлгийн яаралтай тусламжийн эмч Г.Батболд, Сувилахуйн албаны арга зүйч Н.Баасанжаргал нар ажиллалаа.

 

Ажил мэргэжлийн ур чадварын тэмцээний төгсгөлд тэмцээний шүүгч, УГТЭ-ийн Эмнэлгийн яаралтай тусламжийн эмч Г.Батболд нийт оролцогч эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд "Амь тэнссэн яаралтай үеийн тусламж үйлчилгээг эмнэлзүйн багаар хэрхэн түргэн шуурхай үзүүлэх тухай" сургалт мэдээллийг өгсөн байна.  

 

Энэхүү тэмцээнийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэмжлэгээр аймгийн ЭМГ, Улсын гуравдугаар төв эмнэлэг /УГТЭ/-тэй хамтран ажиллах гэрээний хүрээнд зохион байгуулсан байна.