Баянгол дүүргийн Засаг даргаар С.Одонтуяаг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭДүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнд бүрдсэн Баянгол дүүргийн ИТХ анхдугаар хуралдаанаа өнөөдөр хийж, ИТХ-ын даргаар Галиндэвийн Энхболдыг батламжилж, дүүргийн Засаг даргад Салдангийн Одонтуяаг дэмжин Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр тогтжээ.
Хуралдааны үеэр ИТХ-ын дарга Г.Энхболд өнгөрсөн дөрвөн жилд хийсэн сайн бүхнээ үргэлжлүүлэхээ онцолсон бол Засаг даргад нэр дэвшигч С.Одонтуяа улстөржилтөөс ангид байж, зөвхөн иргэдийнхээ сайн сайхны төлөө ажиллахаа илэрхийлсэн юм.
БГД-ийн ИТХ-ын анхдугаар хуралдаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, БГД-ийн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ оролцож, нийт төлөөлөгчдөд баяр хүргэн ажлын амжилт хүслээ. Тэрээр үгэндээ, УИХ, НИТХ, дүүргийн ИТХ гээд бүх шатандаа Баянголчуудынхаа өмнө хүлээсэн үүргээ умарталгүй ажиллаж, иргэдийнхээ амьдралыг сайн сайханд хөтлөхийн төлөөх чин хүсэлтэй байхыг уриалсан юм.
С.Одонтуяа нь 2007 оноос хойш Баянгол дүүргийн АН-ын дэд даргын албыг хашиж байсан бөгөөд 2010-2011 онд Эрүүл мэндийн сайдын зөвлөх, 2008-2012 онд НИТХ-ын төлөөлөгч, 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажилласан юм.
Н.Туяа