ЗАВХАН: Арцсуурь хилийн боомт хүрэх хатуу хучилттай авто замын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-05-06 15:53:56

Улиастай, 2025 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Нөмрөгөөс Улаангом чиглэлийн А18 дугаартай авто замаас Арцсуурь хилийн боомт хүрэх хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлжээ.


Энэхүү авто замыг тавьснаар Завхан аймгийн Түдэвтэй, Баянхайрхан, Асгат, Баянтэс, Тэс сум хатуу хучилттай авто замаар холбогдох юм.


Арцсуурь хилийн боомт хүртэлх авто зам бүрэн ашиглалтад орсноор орон нутгийн хөгжлийн бодлогод хувь нэмрээ оруулахаас гадна баруун бүсийн аймгуудад эдийн засгийн үр өгөөжөө өгнө гэдгийг албаныхан нээлтийн үеэр онцлов.


Авто замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих юм. Сүүлийн 30 жил яригдсан уг авто замыг ОХУ-тай холбож, урагшаа Алтай-Улиастай, Алтай-Бургастай чиглэлийн авто зам ашиглалтад орсноор баруун бүс нутаг БНХАУ, ОХУ-ын зах зээлд холбогдох чухал ач холбогдолтой зам юм гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 


Ташрамд, Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд аймгуудыг авто замаар холбох, хилийн боомт чиглэсэн авто зам барихад анхаарч байгаа юм.
Арцсуурийн боомт нь боомтын сэргэлтийн хүрээнд, Завхан төдийгүй баруун аймгууд ОХУ-тай хамгийн дөт замаар худалдаа эрхлэх боломжтой. 
Тус боомт нь ачаа, тээврийн урсгал бүхий нэг замтай, жилд 200 орчим сая ам.долларын ачаа барааны эргэлттэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Авто замын барилгын ажлыг эхлүүлэх нээлтэд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарын албаныхан оролцов.



相关新闻