БНХАУ-тай байгуулсан своп хэлэлцээрийг 10 сая юаниар нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-11-02 12:58:12

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, Ажлын хэсэг байгуулах боллоо.

Засгийн газраас энэ сарын 27-нд өргөн мэдүүлсэн уг хөтөлбөрийг эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор боловсруулсан бөгөөд Макро эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх, Дунд хугацаанд эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, тогтвортой өсөлтийг хангах, өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх гэсэн хоёр үндсэн стратегитэй юм. Энэ хүрээнд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Хөтөлбөрийн хүрээнд Төсвийн алдагдлыг 2017 онд 9.9 хувь, 2018 онд 7.5 хувь, 2019 онд 5.5 хувьд хүргэж бууруулах, банкны чанаргүй зээлийг бууруулах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ хэрэгжүүлэх, хөрш орнуудтай хийх худалдааг өргөжүүлж, экспортыг нэмэгдүүлж, импортыг багасгах зэрэг асуудал тусгасан.

Мөн үүнээс гадна Тавантолгой, Гацуурт зэрэг стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт туссан төслүүдийг эрчимжүүлэх, Төсвийн сахилга батыг сайжруулах, төв банкны засаглалыг сайжруулах зэрэг заалтууд байгаа юм.

Харин Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд уг хөтөлбөрийг хэтэрхий ерөнхий зүйл заалттай болсон, хөрөнгө оруулалтын задаргаа байхгүй, бодитой хэрэгжүүлэх ажлыг шууд тусгаж өгөх шаардлагатай гэсэн шүүмжлэлийг хэлж байв. Мөн эдийн засгийн чухал асуудлыг хэлэлцэж байхад Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нар хуралд ирж оролцоогүйг эрс шүүмжилж байлаа.

Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Эдийн засаг хэдий хугацаанд тогтворжих, ажлын байр, мөнгөний урсгалыг яаж нэмэгдүүлэх  гэх мэтээр тодорхой тусгасан зүйл нэг ч байхгүй ийм цаас хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна. Хариуцах сайд нар нь ч алга. Эдийн засгийн хүндрэл бол мөнгөний хямрал. Үүнийг тогтворжуулж, хөтөлбөрөө биелүүлж чадахгүй бол Засгийн газар, Сангийн сайдад хариуцлага тооцох хэрэгтэй. Ам.долларын ханш сүүлийн 4 сарын дотор 400 төгрөгөөр өссөн. Одоо болтол дорвитой арга хэмжээ авахгүй байна. Хэрэв 3000 төгрөгт хүрвэл Засгийн газар автоматаар огцрох ёстой” гэсэн юм.

Хөтөлбөртэй холбогдуулан гишүүдийн асуусан асуултад Төсвийн алдагдал 9.9 хувьтай байхад эдийн засгийн хямралаас гарч чадах эсэх, ажлын байрыг хадгалж, бодитоор нэмэгдүүлэх, өрхийн орлогыг өсгөхөд ямар арга хэмжээ авах, 10 их наяд төгрөгийн алдагдалд оруулсан Төрийн өмчит компаниудад ямар хариуцлага хүлээлгэх, БНХАУ-тай байгуулсан своп хэлэлцээр цаашид үргэлжлэх эсэх, аж ахуйн нэгжүүд эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж зээлээ төлж чадахгүй байгаад ямар зохицуулалт хийх зэргийг онцолж байв. 

Гишүүдийн асуултад Ажлын хэсгийг төлөөлж Уул уурхайн сайд Ц.Дашдорж, Сангийн яамны ТНБД Б.Нямаа, Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар хариулт өгсөн юм. Тодруулбал Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд нийт 18 сарын хугацаанд төсөв, санхүү, мөнгөний бодлогыг сайжруулах, хөтөлбөрт туссан зорилтуудыг нийт 3 жилийн хугацаанд багтаан гүйцэтгэхээр төлөвлөж байгааг хэлээд томоохон төсөл арга хэмжээнүүдийг шалгаж, судлах үүрэгтэй ажлын хэсгийг Шадар сайдаар ахлуулан байгуулсныг гишүүдэд дуулгав. Мөн төсвийн алдагдлыг огцом буулгах нь эргээд эдийн засагт сөрөг нөлөөтэй, төлбөрийн тэнцлийн хамт хос алдагдал хүлээдэг учир үе шаттай бууруулахаар тусгасан гэж байв. Энэ хүрээнд дээрх арга хэмжээнүүдийг цогцоор нь хэрэгжүүлж, үр дүнд нь 2017 онд эдийн засгийн өсөлтийг 3 хувьд хүргэж, Монголбанкны одоо байгаа 3 сая гадаад валютын нөөцийг 5 сая болгож өсгөх зэрэг төлөвлөгөөтэй байгаагаа хэлэв.

Монголбанкны БНХАУ-тай байгуулсан 15 сая юанийн своп хэлэлцээр 2017 оны 8 дугаар сард дуусах бөгөөд цаашид үргэлжүүлж, 25 саяд хүргэхээр төлөвлөж байгаа аж. Тус банкнаас өгсөн өөр нэг мэдээлэл нь Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхгүй гэсэн байр суурь баримталж байгаа юм байна. Мөн эдийн засгийн хүндрэлийн улмаас арилжааны банкууд дахь уул уурхай, барилгын салбарын чанаргүй зээл эрс өсч, шинэ зээлээ хязгаарлан, зөвхөн хадгаламж, цалин зэргийг барьцаалсан хэрэглээний зээл гаргаж байгаа аж. Тиймээс чанаргүйд ангилагдаж байгаа зээлдэгчдэд зориулан эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан боломжтой арга хэмжээ авах талаар Монголбанк судалж байгаа юм байна. 

Ингээд “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх асуудлаар санал хураалгаж, 84.6 хувь нь дэмжлээ. Мөн байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироор ахлуулах болов.

Хуралдаан үргэлжилж байна.

Н.Гантуяа

相关新闻