ЗАВХАН: Гамшиг ослын дуудлага өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 61.4 хувиар буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн хэмжээнд объектын гал түймрийн дуудлага нэмэгджээ.
Өнөөдрийн байдлаар аймгийн Онцгой байдлын газар объектын гал түймрийн дуудлага 10, ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 2, хүний үйл ажиллагаатай холбоотой 15, нийт 27 удаагийн дуудлага хүлээн авч ажилласан байна. Дээрх гамшиг ослын дуудлагаар ажиллаж нийт 1.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө, 7 хүний амийг авран хамгаалсан. Аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд 250.0 сая төгрөгийн хохирол учирсан байна. Дээрх дуудлагуудад 9.8 сая төгрөгийг зарцуулсан байна.
Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад гамшиг ослын дуудлага 61.4 хувиар буурсан байна. Харин объектын гал түймрийн дуудлага 30 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Гамшиг гэдэг нь аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь, эрүүл мэнд хохирох, мал, амьтан олноор хорогдох. Эд хөрөнгө, музейн үзмэр, цуглуулга, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учрахыг хэлдэг.
Харин аюулт үзэгдэл гэдэг нь хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, нуранги, хөрсний гулгалт үүсэх. Гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, цар тахал, хортон шавж, мэрэгч тархах зэргийг хэлдэг. Осол гэдэг нь уул уурхай, үйлдвэрлэл, технологийн горим зөрчигдсөнөөс тоног төхөөрөмж, барилга байгууламж ноцтой эвдрэх, нурах, тээврийн хэрэгсэл осолдох, сүйрэх. Цацраг идэвхт болон химийн хорт бодис алдагдах, дэлбэрэлт болох зэргийг хэлдэг.
Онцгой байдлын газарт ирж буй гамшиг ослын дуудлага буурсан нь сайн үзүүлэлт ч гэлээ хүний анхаарал болгоомжгүйгээс болсон объектын гал түймрийн дуудлага ихэссэн байна. Ямар ч түймэр маш их хохирлыг бий болгож, хүний амь эрсдэх аюултай байдаг. Тиймээс хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхэд дараах зүйлсийг анхааруулж байна.
Галтай зүйл хог хаягдлыг хогийн суваг, хогийн ил цэгт хаяхгүй байх. Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх. Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах хэрэгтэй. Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх.
Гарааш, ил зогсоолд автомашинаа
байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх.
Байр орон сууцны орчимд шуурхай
албаны автомашин бөглөхгүй байх. Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих. Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь
цоожилж орхихгүй байхыг анхааруулж байна гэж Завхан аймгийн Онцгой
байдлын газраас мэдээлэв.