ЗАВХАН: Бүх сумын хөрс, цаг уурын нөхцөлд тохируулан мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-10-15 12:52:32

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Завхан аймаг жимс, жимсгэний мод болон бусад модыг тарих боломжтой газруудын судалгааг мэргэжлийн багаар хийлгэжээ.


Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Завхан аймаг 2030 он гэхэд 25 сая мод тарьж ургуулах зорилго төлөвлөгөөтэй. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд 24 сумын ямар байршилд, ямар төрлийн мод, жимс жимсгэнэ тарихад тохиромжтойг судлах төслийг хэрэгжүүллээ.


Судалгааг ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн захирал доктор, дэд профессор, хөрс судлаач, агрохимич А.Буянбадрахаар ахлуулсан мэргэжлийн баг Завхан аймгийн ЗДТГ-ын захиалгаар хийж дуусгасан байна. Төслийн багийнхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаярт судалгааны ажлын гүйцэтгэл, дүгнэлтээ  өнөөдөр танилцууллаа.


Судалгааны баг Завхан аймгийн 24 суманд мод тарина. Жимс жимсгэнэ тарих хоёр чиглэлд газар зүйн байршил, хөрс, уур амьсгалын нөхцөл, газрын гадарга, цэвдэг, агаарын температур, ургамал болон хөрсний бүрхэвч, хур тунадас зэрэгт тулгуурлажээ.


Тухайлбал, Ургамал, Дөрвөлжин, Алдархаан, Завханмандал, Тэс, Тосонцэнгэл, Сантмаргаз, Идэр зэрэг сумын нутгийн 3.1-38.1 хувь нь жимс жимсгэнэ тарихад тохиромжтой гэсэн судалгааны дүгнэлт гарчээ.

Тосонцэнгэл, Их-Уул, Баянхайрхан, Тэс, Тэлмэн сумын нутаг дэвсгэрийн 10.6-28.2 хувь нь ойг нөхөн сэргээх, ойжуулах ажлыг хийхэд тохиромжтой гэсэн судалгаа гарсан байна. Мөн заг, хус, нарсан ойн судалгааг зарим суманд хийхэд хөрсний бүрхэвч, газрын гадарга, агаарын температур нь тохиромжтой гэж судалгааны баг дүгнэжээ.


Тиймээс Завхан аймаг "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийг орон нутагтаа үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд дээрх судалгаанд үндэслэн мод тарина. Тухайн газар нутагтаа тохиромжтой модыг тарьж ургуулснаар модны амьдрах хугацаа уртсана.


"Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийг бодит судалгаанд үндэслэж хэрэгжүүлснээ ялангуяа жимс жимсгэнэ ихээр тариалахад анхаарвал эдийн засагт өндөр ашигтай. Тухайн сумын хөрс цаг уурын нөхцөлд тохируулан модны суулгацаа үржүүлэхэд тохиромжтой гээд давуу тал олон бий болно хэмээн Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Завхан аймгийн байгаль орчны мэргэжлийн байгууллагуудад судалгааг танилцуулав

Судалгааг ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн захирал доктор, дэд профессор, хөрс судлаач,

агрохимич А.Буянбадрахаар ахлуулсан мэргэжлийн баг хийжээ.

相关新闻