ЗАВХАН: Цэцэн-Уул, Тосонцэнгэл суманд хамгийн их хүйтэрснийг тэмдэглэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Завхан
аймгийн Тосонцэнгэл, Отгон суманд хамгийн их хүйтэрсэн буюу цаг уурын онцлох үзэгдэл
болж байжээ.
Завхан аймагт 2016 онд хамгийн их хүйтэрч агаарын хамгийн бага температур Цэцэн-Уул суманд -54.7, Отгон суманд -55.3 градус хүрч хүйтэрсэн нь түүхэн хугацаанд хамгийн их хүйтэрсэн жил болж тэмдэглэгдсэн байдаг.
Үүнээс хойш 2018 оны нэгдүгээр сард Цэцэн-Уул суманд -53.2°C, Тосонцэнгэл, Тэлмэн, Их-Уул, Баянтэс, Тэс, сумын нутгаар -50 ... -52°C хүрч их хүйтрэлт ажиглагдсан байна. Одоогоор Монгол нутагт дээрх хэмжээнд хүртэл хүйтрээгүй байна. Хүчтэй салхи шуурга гэхэд, 2006 онд Улиастай, 2013 онд Нөмрөг суманд салхины их хурд 40м/с буюу түүнээс давж шуурсан байна.
Завхан аймгийн тухайд 2001, 2002, 2007-2009, 2014, 2017 онд аймгийн ихэнх нутгийг хамарсан ган болж байсан.
Харин 1987, 1988, 2000, 2001,
2004, 2005, 2009, 2010, 2011, 2017, 2018 онд мөн ихэнх нутгийг хамарсан зуд
болж байсан.
Нарнаас ирж буй эрчим хүч газарт шингээд, эргээд газраас
сансарт ялгарах тогтвортой байдал алдагдсанаар илүү дулаарах шинжтэй болсныг
мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна. Тиймээс дээрх нөлөөллөөс болж,
дэлхийн өнцөг булан бүрд цаг агаарын эрс тэрс үйл явц бий болж байгаа юм.
Монгол орны хувьд урт хугацаандаа хуурайшин гандаж байна.
Учир нь нийт нутагт ордог хур тунадасны хэмжээ өмнөх шигээ байгаа ч агаарын
температур нэмэгдэж байгаа тул ууршилт, хуурайшилт ихсээд байгаа юм. Энэ бол
урт хугацааны үйл явц. Харин богино хугацаандаа цаг агаарын эрс тэс
нөхцөлүүд үүсэж байгаа тул тухайн улиралд ажиглагддаг байсан олон жилийн турш
тогтсон нөхцөл өөрчлөгдсөн. Үүнийг иргэд огцом хүйтэрч байна, дулаарч байна
гээд мэдрээд буй юм.
Завхан аймгийн тухайд Отгон, Цэцэн-Уул суманд хамгийн их хүйтэрсэн бол Ургамал суманд хамгийн их дулаарсан нь ажиглагдсан байна хэмээн Завхан аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.