Сэлэнгэд эмнэлгийн хог хаягдал боловсруулж, устгах үйлдвэр барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭМонгол Улсын Эрүүл мэндийн салбарт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өнөөдрийн байдлаар 6 төсөл хэрэгжиж байгаа аж. Эдгээр төслүүдээ 1, 2, 3 хэмээн ангилан нэрлэж байгаа бөгөөд 4, 5 гэсэн төслүүд нь улсын хэмжээнд зэрэг хэрэгжээд явж байгаа гэнэ. Харин “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр-4” төсөл нь орон нутагт хамааралгүй, зөвхөн Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа юм байна. Эдгээр нийт төслийн төсөвт өртөг нь 41 сая ам доллар болж байгаа ажээ.
АХБ нь өөрөө санхүүжүүлэгч том байгууллага учраас аливаа хийж хэрэгжүүлж буй ажилдаа үнэлэлт дүгнэлт өгч, төслөө дор бүрд нь хянаад явдаг байна. Энэ журмынхаа дагуу энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа төслийнхөө дунд шатны үнэлгээг хийлээ. Энэхүү дунд шатны үнэлгээний багт АХБ-ны худалдан авалт хариуцсан мэргэжилтэн Андрес Петрсон, мөн АХБ-ны эрүүл мэнд хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа, санхүүгийн шинжээч Г.Гантуяа нар ажиллалаа. Ингээд АХБ-ны эрүүл мэнд хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяатай хийсэн ярилцлагыг хүргэе.
-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сэлэнгэ аймагт ирсэн ажлынхаа гол зорилго хийгээд төслийнхөө талаар яриагаа эхлэх үү?
-Баярлалаа. Манай байгууллагаас санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр-5” төсөл Сэлэнгэ аймагт амжилттай хэрэгжиж байна. Хөдөө орон нутагт хэрэгжиж байгаа “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр-5” төсөл маань цусны аюулгүй байдал, эмнэлгийн дотоод халдвар, эмнэлгийн хог хаягдал гэсэн гурван чиглэлээр 21 аймагт хэрэгжиж байгаа. Гэхдээ 3 бүрэлдэхүүн хэсэгтэй хэрэгжих энэхүү төсөл маань бүх аймгуудад нэгэн зэрэг бүгдээрээ хэрэгжиж хараахан чадаагүй байна. Тухайлбал зарим аймагт нь цусны салбар банк байгуулж байхад заримд нь хог хаягдлын төслийг хэрэгжүүлэх жишээтэй. Харин танай Сэлэнгэ аймгийн хувьд энэхүү төсөл 3-уулаа хэрэгжиж байгаагаараа нэлээд давуу өвөрмөц юм. Манай баг үнэлгээний баг. Бид Сэлэнгэ аймгийн ЭМГ болон Нэгдсэн эмнэлэгт бүтэн хоёр өдрийн турш ажиллаж төслийн явц, үр дүнд үнэлэлт өгч цаашид юун дээр хэрхэн яаж ажиллах тал дээр заавар зөвлөгөө өглөө.
-Сэлэнгэ аймагт хэрэгжиж байгаа 3-н төсөл тань бүгд нэгэн зэрэг эхэлсэн үү. Ямар ямар төсөл хэрэгжиж байгаа талаараа тодруулаач?
-Бид төслийнхөө эхний ээлжинд аймгийн Нэгдсэн эмнэлэгт Цусны салбар банк байгуулахаар ажиллаж байна. Ингэхийн тулд аймгийн Цусны станцад шаардлагатай тооног төхөөрөмжүүдийг бүрэн нийлүүлсэн. Үүнд 428 сая төгрөгийн санхүүжилт хийгдээд байгаа юм байна. Дараагийн ээлжинд цусны салбар банкны байрыг өргөжүүлэн стандартын шаардлагад хүргэхийн тулд өргөтгөж засвар үйлчилгээ хийнэ. Энэ ажлыг гүйцэтгэх байгууллага шалгараад байгаа ба засварын ажил удахгүй эхлэх байхаа. Хоёрдугаарт: Эмнэлэг өөрөө маш эрсдэлтэй орчинд тооцогддог. Эмнэлгийн ажилчид ч үйлчлүүлэгч ч өвчтөн ч тэр. Байнга эрсдэлд өртдөг. Тиймээс эмнэлгийн дотоод халдвараас сэргийлэх ажлыг төслийн хүрээнд хийхээр төлөвлөж байгаа. Энэ ажлын хүрээд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нян судлалын лабораторийг иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангана. Мөн өрөө тасалгааг өргөтгөж, барилгын засвар үйлчилгээ хийнэ. Ингэж Нян судлалын лаборатори ашиглалтанд орсноор бүх төрлийн шинжилгээ энд бүрэн хийгдэх чадамжтай болох юм.
Мөн үүнээс гадна Эрүүл мэндийн байгууллагын эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг бэхжүүлэх төсөл хэрэгжинэ. Өнөөдөр эмнэлэг бүрт дотоод ариутгал халдваргүйтлийн тасаг гэж байдаг. Энэ бол маш чухал тасаг. тэр болгон хүмүүс мэдээд байдаггүй. Тэгэхээр Нэгдсэн эмнэлэгт орчин үеийн төвлөрсөн ариутгалын тасаг нэгжийг нээн ажиллуулах шаардлага тавигдаж байна. Тиймээс энэ ариунхан бөгөөд цэвэрхэн байх ёстой тасгийг иж бүрэн тоноглох, засварлах зорилготой хэрэгжих төсөл. Аймгуудад гарч байгаа эдийн засгийн тооцоолол өөр өөр байгаа барилга байгууламжаас шалтгаалж өртөг зардал янз бүр гарч байна. Манай аймагт ариутгал халдваргүйтлийн тасгийг нээхэд ойролцоогоор 700 орчим сая төгрөг зарцуулах урьдчилсан тооцоолол гарсан байна.
-Сэлэнгэ аймагт хэрэгжиж байгаа төслийн тань гурав дахь нь ямар төсөл вэ? Танай ажлын багийнхан хэр үнэлэлт дүгнэлт өгөв?
-Гуравдугаарт хог хаягдлын менежментийг сайжруулах дэд төсөл. Эмнэлгийн хог хаягдлыг 8 ангиллаар ялгадаг юм байна. Өнөөдөр эмнэлгийн байгууллагад хог хаягдлыг зөв ялган ангилж, устгах шаардлага тэргүүн эгнээнд тавигдаад явж байгаа. Тэгэхээр энэ бүрэлдэхүүн хэсэгт багтаж байгаа хог хаягдлын төслийг хэрэгжүүлэхийн тулд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт боловсруулж, устгах үйлдвэр барина. Бидний хэрэгжүүлж байгаа энэхүү “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр-5” төсөл 2013 оны 6-р сарын дундаас хэрэгжиж эхэлсэн. Өнөөдөр бараг 50 хувьдаа хүрээд явж байна.
-Сэлэнгэ аймагт хэрэгжүүлж байгаа эдгээр төслийн санхүүжилт нийтдээ хичнээн төгрөгийн өртөгтэй байхыг сонирхож байна. Мөн төсөл хэзээ бүрэн хэрэгжиж дуусах вэ?
-Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарт хэрэгжих энэхүү төслийн нийт өртөг ойролцоогоор 2.5-3.0 тэрбум орчим төгрөг болно. Төсөл хэрэгжүүлэхэд улсын болоод орон нутгийн төсвөөс нэг ч төгрөг зарлагадахгүй. Азийн Хөгжлийн Банк дангаараа хариуцан санхүүжүүлнэ. Гурван бүрэлдэхүүн хэсэгтэй хэрэгжих уг төсөл маань Сэлэнгэ аймагт 2018 оны төгсгөл хүртэл үргэлжилнэ.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг